Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригес улс төрийн хоригдлуудыг суллах боломжтой өршөөлийн хууль санаачилж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын тал ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараах Венесуэлийн түр ерөнхийлөгчийн гаргасан хамгийн том шийдвэр юм. Родригесийн хэлснээр, өршөөл нь 1999 оноос өнөөг хүртэлх улс төрийн шинжтэй хэргүүдэд холбогдсон хүмүүст хамаарах болно. Харин хүн амины хэрэг, хар тамхины наймаа, авлига, хүний эрхийн ноцтой зөрчил үйлдсэн этгээдүүдийг хамруулахгүй. Тэрбээр уг хуулийн төслийг Үндэсний ассамблейд өргөн барихыг шүүхийн комисст үүрэг болгосон байна.
“Энэ хууль нь хүчирхийлэл, хэт давралтаас үүдэлтэй улс төрийн сөргөлдөөний шархыг эдгээж, манай улсад шударга ёсыг сэргээж, венесуэлчүүдийн тайван, хамтын амьдралыг дэмжихэд чиглэнэ,” гэж Родригес мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр Венесуэлийн хамгийн аймшигтай шорон гэгддэг Эль Хеликоидыг хааж, олон нийтэд зориулсан нийгэм, спортын үйлчилгээний төв болгохоор шийдсэнийг зарласан байна. Эдгээр мэдэгдэл нь АНУ Венесуэльд хоригдож байсан бүх АНУ-ын иргэдийг сулласан гэж мэдээлсэнтэй давхацжээ.
АНУ Венесуэлээс бүх улс төрийн хоригдлыг суллахыг шаардаж ирсэн. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мадурог баривчилсны дараа Венесуэлийн одоогийн засгийн газарт эдийн засаг, цэргийн дарамт үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Венесуэль энэ сарын эхээр АНУ-д энх тайвны дохио болгон “их хэмжээний” улс төрийн хоригдлуудыг суллана гэж мэдэгдсэн. “Foro Penal” хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, Пүрэв гаригийн байдлаар 302 хүн суллагдсан ч энэ тоо нь эрх баригчдын мэдэгдсэн 800 гаруй гэсэн тооноос хавьгүй бага байна.
Родригес өмнө нь суллагдсан хүмүүсийн нэрсийг баталгаажуулахын тулд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссартай хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Гэсэн ч одоог хүртэл Венесуэлийн засгийн газар албан ёсны жагсаалтыг олон нийтэд танилцуулаагүй байна. “Foro Penal” байгууллагын тэргүүн Альфредо Ромеро X сүлжээнд бичихдээ, “Өршөөл нь ял завших хэрэгсэл болохгүй, иргэний нийгмийг ялгаварлалгүй хамруулах, улс төрийн хавчлагын дарангуй тогтолцоог үгүй болгоход хувь нэмэр оруулах нөхцөлтэй бол бид дэмжинэ” гэж мэдэгджээ.