Улаанбаатар //. Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өчигдөр ирсэн Индонез Улсын 26 иргэн Монгол Улсын хилээр хуурамч визийн зөвшөөрөл ашиглан нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ.
Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр, тус иргэд “Би Си Эйч ресурс” компанийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна.
Иймд холбогдох хууль, журмыг үндэслэн дээрх иргэдийг Монгол Улсаас албадан гаргаж, 5 жилийн хугацаанд дахин нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Мөн уригч байгууллагын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа тул хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн гадаадын иргэд болон уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байх, төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг онцгойлон анхааруулав.
