Европын Прокурорын газрын эрх мэдлийг нэмэгдүүлнэ

БРЮССЕЛЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /BTA/. Европын Прокурорын газрын эрх мэдлийг өргөжүүлэх шийдвэрийг Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын Сангийн сайд нар ирэх долоо хоногт батлах төлөвтэй байгаа тухай  тус холбооны Зөвлөл мягмар гарагт мэдэгджээ.

Тодруулбал, Европын Прокурорын газар нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) луйвартай холбоотой мэдээллийн санд нэвтрэх эрхтэй болно. Тус байгууллага нь ЕХ-ны төсвийн эсрэг чиглэсэн залилан, авлига, хил дамнасан НӨАТ-ын томоохон луйврыг мөрдөн шалгах, яллах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй ажилладаг.

Европын ерөнхий прокурор Лаура Ковеши 2025 онд Европын парламентын татварын асуудал эрхэлсэн дэд хорооны гишүүдэд илтгэл тавихдаа, гишүүн орнуудад үйлдэгдэж буй НӨАТ-ын луйвар нь зохион байгуулалттай онц ноцтой гэмт хэрэгтэй нягт холбоотой болохыг дурдаад, хангалттай тэмцэж чадахгүй байгааг анхааруулж байв.

Түүний хэлснээр, НӨАТ-ын луйврын хэрэгт олон жилийн турш ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй байсаар ирсэн бөгөөд ЕХ-ны нэгдсэн төсөвт жил бүр тэрбум тэрбум еврогийн хохирол учруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн