Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкуудыг гадаад зах зээлээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг татах боломж олгох зорилгоор банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргаснаа зарлалаа.
Тодруулбал, арилжааны банкуудын 1-3 жил хүртэлх хугацаатай гаргасан гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд тооцно. Энэхүү шийдвэр ирэх аравдугаар сарын 1-ээс хэрэгжих аж.
Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Төв банк энэхүү шийдвэрийг гаргахдаа гадаад дотоодын нөхцөл байдлын үнэлж гаргасан. Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Өнөөдөр өглөө гэхэд брент тосны үнэ 110 ам.долларт хүрч хаагдсан. Энэхүү эдийн засгийн тогтворгүй байдлын нөлөөгөөр манай улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт үргэлжлэх хандлагатай байна. Төв банк өнгөрсөн жилүүдэд 365 хоногоос дээш хугацаатай гарсан гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцөөс чөлөөлж ирсэн. Энэ хүрээнд арилжааны банкуудын нийт эх үүсвэрийн 25 орчим хувийг гаднаас татсан эх үүсвэр эзэлж байгаа юм. Ирэх жилүүдэд гарах гадаад мөнгөн урсгалыг тогтворжуулах, үүсэж болзошгүй системийн эрсдэлийг хаах зорилгоор уг шийдвэрийг гаргасан. Нэг талаас арилжааны банкуудыг гадаад зах зээл дээрээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг татах боломжийг олгож байна. Гурван жилээс дээш эх үүсвэр дээр Төв банк арилжааны банкуудад ханшийн эрсдэл дээр нь хамтарч ажиллана. Свопын тооцоолол болон монгол төгрөг рүү хөрвүүлж байгаа арга хэрэгсэл дээр дэмжлэг үзүүлнэ” гэв.
Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдсан бөгөөд энэ нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна.
Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргасан нь энэ. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын ажил юм.
Нөгөө талаас банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх юм байна.