Сурагч охин хайрын шүлгийн “Оюу-Ай” наадамд дэд байр эзэллээ

Дорноговь аймгийн Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвөөс жил бүр зохион явуулдаг хайрын шүлгийн “Оюу-Ай 2026” 12 дахь удаагийн наадамд 110 шахам яруу найрагч шүлэг бүтээлээ сойн, шилдэг 30 яруу найрагч зорин ирж оролцсон билээ.

Энэ удаагийн наадмын нэгэн тод өнгө, уянга болсон охин олны анхаарлыг нэгийн давааны шүлгээсээ эхлэн татаж, даруй наадмын дүнг танилцуулахад Дэд байрыг хүртсэн юм. Тэрхүү нэгэн тод уянга нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Мөнхнасан Хүслэн хэмээх охин байлаа. Мөнххаан сумын Соёлын төв, ЕБС-ийн хамтран хичээллүүлдэг “Утгын гэгээ-Эгшгийн солонго” яруу найргийн дугуйлангийн сурагч ажээ.

-Хайрын шүлгийн наадамддэд байр эзэлсэнд баяр хүргэе?


-Яруу найргийн дугуйланд хичээллэж эхэлснээр би аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс биш олон талаас нь харж, мэдэрч, тухайн мэдрэмжээ шүлэг, яруу найрагт буулгаж сурсан. Яруу найргаас хүртэж буй тайвшрал, тайтгарал нь намайг илүү хөглөдөг.

-Шүлгүүд чинь их цэгцтэй юм? Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?


-Дугуйланд хичээллэж эхэлсэн цагаасаа анх шүлэг бичиж эхэлсэн. Манай дугуйланг Сүхбаатар аймаг Мөнххаан ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Долцонгийн Батдулам, Мөнххаан сумын Соёлын төвийн дарга Бат-Өлзийн Анхбаяр нар удирдан явуулдаг.

-Дугуйланд явж эхэлснээс хойш “Дорнын хүлэг-2025” яруу найргийн наадамд “Шилдэг залуу яруу найрагч”, “Найргийн тамгатай Мөнххаан” өсвөрийн яруу найрагчдын наадамд Дэд байр, мөн хайрын шүлгийн “Оюу-Ай 2026” наадамд Дэд байрыг тус тус эзэлсэндээ маш их урамшиж байгаа.

-Хайрын шүлгийн “Оюу-Ай 2026” наадамд оролцсон сэтгэгдлээ хуваалцана уу?


– “Оюу-Ай 2026” наадамд оролцохоор багш нар болон дугуйлангийн сурагчдынхаа хамт Дорноговь аймгийг зорьсон. Говь нутагт анх удаа очиж байгаа учраас байгаль, цаг уур, ан амьтад гээд бүх зүйл нь сонирхол татам байлаа. Биднийг очих замд цагаан зээр “өвөр лүү” орж, хар сүүлт гөрөөс бидний өөдөс тосон давхисан. Хур бороо орсон зэрэг олон тохиолдол болж байгалийн сонин үзэгдлүүд тохиосныг их бэлгэшээж байв.

-Наадамд дээгүүр “давхихыг” найрагч бүхэн хүсдэг дээ? Дүнг танилцуулахад хэр догдолсон бэ?


-Наадмын тайзнаа МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагчидтай зэрэгцэн суугаад шүлгээ уншиж байгаадаа өөрөөрөө бахархаж, маш сайхан мэдрэмжийг өөртөө авч байсан даа.

Шүүгчдийн дүнг танилцуулахад наадмын Дэд байрт шалгарсандаа маш их баярлаж, илүү ихээр хөглөгдөж байгаагаа мэдэрсэн. Цаашид яруу найраг, утга зохиолыг илүү ихээр шимтэн судалж, өөрийгөө хөгжүүлэн сайн шүлэг, яруу найраг олныг бичихийг зорьж байна.

Сурагч охин хайрын шүлгийн “Оюу-Ай” наадамд дэд байр эзэллээ            

ОРШИХУЙН ИЖИЛСЭЛ

Чиний сүнс минийхтэй эрт галавын учрал шиг

Чив чимээгүй орчлонд зүрхний лугшилтаар хэлхэгдэнэ

Махан биеийн хүлээс тасарсан тэр л орон зайд

Манан дундах гэгээ мэт чи л намайг хөтөлнө

Бидний учрал зуурдын баясгалан биш

Бие биеийхээ дотоод галыг тэтгэх амьсгал шиг

Одод харваж, ертөнц хувиран өөрчлөгдөвч

Оршихуйн гүнд бид нэгэн цул болж уусна

Чиний харцнаас би өөрийнхөө уг язгуурыг олж

Чиний оршихуйд орчлонгийн гашуун үнэн зөөлөрнө

Зовлон зүдгүүр, жаргал цэнгэлийн аливаа дэнсэн дээр

Зөвхөн чи л миний тэнцвэр, миний амар амгалан

Цаг хугацаа элсэн цаг шиг урсан одовч

Царцаж амжаагүй халуун сэтгэл минь чам руу тэмүүлнэ

Хязгааргүй уудам энэ хоосон чанарын дунд

Хайр л ганцхан биднийг амьд гэж гэрчилнэ

Дусал нулимсанд чинь дэлхий бүхлээрээ багтаж

Дулаан алганд чинь миний заяа төөрөг багтдаг

Зүүд, сэрүүн хоёрын зааг дээр төөрөх үед минь

Зөв зүг минь болон чи л тодхон гэрэлтдэг

Бидний дундах гүүр итгэлийн үл үзэгдэх урсгал

Бие биенээ энэрэх сэтгэлийн ариун тангараг

Хорвоогийн тоос, амьдралын эрээн бараан дунд

Хамгийн нандин, хамгийн гүн нь чиний минь хайр

Сүүлчийн амьсгал минь элсэн шаргал толгодод шингэхүйд

Сүнс минь хүртэл амирлаж чамд уусах нь гарцаагүй ээ

Нарт орчлонгийн жамаар зуурдын бүхэн төгсөвч

Наран сарны гэрэл лугаа ганцхан хайр л үлдэх нь маргаангүй ээ

Мөнххаан сумын ЕБС-ийн

10-ын “Б” ангийн сурагч М.Хүслэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн