Япон улс 20 хоногийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний нефть нөөцөөсөө гаргана

Ормузын хоолойн нөхцөл байдал тодорхойгүй, АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээ ч зогсонги байдалд байгаа учир Япон улс ирэх сарын 1-нээс эхлэн газрын тосны нөөцөөсөө зах зээлд гаргах болсноо мэдэгдлээ. Ойролцоогоор 20 хоногийн хэрэглээтэй тэнцэх буюу нийт 5.8 сая килолитр газрын тосыг зах зээлд нийлүүлэх юм. Энэ нь 540 тэрбум иен буюу 3.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ.

Үндэсний нөөцөөс гаргах газрын тосыг улсын хэмжээнд байрлах 10 агуулах баазаас нийлүүлж, гол дөрвөн борлуулагч болох “Eneos Corporation”, “Idemitsu Kosan”, “Cosmo Energy Holdings” болон “Taiyo Oil”-д хуваарилах юм.

Тус улс гуравдугаар сарын дунд үед улсын болон бусад эх үүсвэрийн нөөцөөс нийт 50 орчим хоногийн хэрэглээтэй тэнцэх газрын тосыг зах зээлд нийлүүлсэн. Энэхүү арга хэмжээний хоёрдугаар шат ийнхүү ирэх сараас хэрэгжиж эхлэх гэж байна.

Япон улс түүхий газрын тосны импортынхоо 90 гаруй хувийг Ойрхи Дорнодоос авдаг бөгөөд түүний ихэнх нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойгоор дамждаг байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн