Пёньян болон Москва харилцаагаа өргөжүүлж байна

Хойд Солонгос болон ОХУ харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Тодруулбал, Оросын хэд хэдэн өндөр албан тушаалтан Хойд Солонгост нэгэн зэрэг айлчилж байна. Энэхүү айлчлал нь Орос улс Курскийн бүс нутгийг эргүүлэн авснаа зарласны нэг жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбоотой. Албаны мэдээлснээр, хоёр орны албан тушаалтнууд Вонсан хотын амралтын бүсэд уулзаж, худалдаа, эрүүл мэнд болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ.

Уулзалтад Оросын байгалийн нөөцийн сайд Александр Козлов, эрүүл мэндийн сайд Михаил Мурашко болон Хойд Солонгосын холбогдох сайд нар оролцсон байна.

Мөн хоёр тал Вонсан хотод шинэ эмнэлэг барих ажлыг эхлүүлжээ. Энэ төсөл нь хоёр улсын найрамдлыг илэрхийлэх бөгөөд 2024 онд Ким Жон Ун болон Владимир Путин нарын уулзалтаар анх тохиролцсон байжээ. Үүнээс гадна Оросын дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Пёньянд айлчилж, Хойд Солонгосын удирдлагуудтай уулзан, Японоос Солонгосыг чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Орос цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ. Талууд мөн Курскийн бүсийг эргүүлэн авсны нэг жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд Хойд Солонгос улс Орос–Украины дайнд амь үрэгдсэн өөрийн цэргүүдэд зориулсан дурсгалын музей нээхээр төлөвлөжээ.

Орос улс Курскийн бүсийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд эзэлснээ зарласан бол Хойд Солонгос маргааш нь ялалтыг баталгаажуулсан. Энэ ойд оролцохоор Оросоос өндөр түвшний төлөөлөгч илгээх магадлалтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн