Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компани бүхээгийн үйлчлэгч нарын гутлын стандартыг 57 жилийн дараа өөрчлөх гэж байна. Тус компанийн онгоцны үйлчлэгч нар одоогийн дүрмийн дагуу 3-5 сантиметр өндөр өсгийтэй гутал өмсөх шаардлагатай. Тэгвэл олон цагийн нислэгийн үеэр тав тухыг сайжруулахын тулд онгоцны үйлчлэгч нарт пүүз эсвэл бусад тухтай гутал өмсөхийг зөвшөөрөх талаар яригдаж байна.
Хэрэв батлагдвал энэ бодлого нь жилийн эцэс гэхэд “Korean Air”-тэй нэгдэх төлөвтэй байгаа “Asiana Airlines”-д мөн хамаарна. Хоёр агаарын тээврийн компанийн бүхээгийн ажилтнууд болох ойролцоогоор 10 мянган хүнд энэ өөрчлөлт нөлөөлөх болно.
“Korean Air” компани одоогоор санал болгож буй өөрчлөлтүүдийг хянах түвшинд явж байна.
Тус компани уламжлал ёсоор гадаад төрхийн хатуу стандартыг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэдхэн сарын өмнө өөр нэг дүрмээ сулруулж, үйлчлэгч нарт өөрийн үзэмжээр нүдний шил зүүхийг зөвшөөрсөн.
Дашрамд дурдахад, “Jeju Air” компани ажлын нөхцөлийг сайжруулах, яаралтай тусламжийн чадварыг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард бүх багийн гишүүдэд пүүз өмсөхийг зөвшөөрч эхэлжээ.