Ши Жиньпиний улс төрийн “нүүдэл”

Хятадын удирдагч Ши Жиньпин хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн нь хүчтэй нүүдэл юм. Ингэснээр Ши Жиньпин Хятадын цэргийн байгууллагын хамгийн дээд албан тушаалд ганцаар үлдэж байна. Мөн энэ үйл явдал дэлхийн хамгийн том зэвсэгт хүчинд үзүүлэх нөлөө болон Тайванийн асуудал хэрхэн үргэлжлэх зэрэг асуултыг хөндөж байна. Гэхдээ нэг зүйл тодорхой. Ши Жиньпин өөрийн алсын харааны дагуу цэргийн хүчийг шинэчилж байгаа тул ямар ч “байг” буулгахдаа эргэлзэхгүй бөгөөд гаргасан шийдвэртээ итгэлтэй байна. Туршлагатай, чадвартай цэргийн командлагч, Ши Жиньпинтэй удаан хугацаанд холбоотой байсан Жан Юшиа, Ардын чөлөөлөх армийн хамтарсан ажиллагааг удирдаж байсан Лю Жэнли нар байцаагдаж байгаа талаар Бямба гаригт (2026.01.24) Хятадын Батлан ​​​​хамгаалах яам 30 секундийн богино видео бичлэгээр зарласан. Ардын чөлөөлөх армийн өдөр тутмын сонинд Жан, Лю нарыг “Төв цэргийн комиссын даргад ногдох эцсийн хариуцлагын тогтолцоог ноцтойгоор уландаа гишгэж, доройтуулсан” гэж буруутгасан юм. Энэ нь тэд Ши Жиньпиний эрх мэдэлд заналхийлж байсныг тодорхойлсон нэр томьёо гэгдэж байна.

Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажил, арваад жил үргэлжилсэн энэхүү хатуу бодлого оргил цэгтээ хүрсэн бололтой. Энэхүү ажиллагаа нь түүний бодлогыг эсэргүүцэгчдийг шахан зайлуулах, ялангуяа ялангуяа армид далд явагдаж буй авлигыг цэвэрлэх зорилготой. 2023 оноос хойш л гэхэд цэргийн өндөр албан тушаалтай 20 гаруй албан хаагч шалгагдаж, эсвэл албан тушаалаасаа огцорсон нь армийн дээд удирдлагыг ихээхэн сулруулжээ. Генерал Жангийн эсрэг явуулж буй шалгалт нь кампанит ажил хэр гүнд хүрснийг илүү тод харуулж байна. Жан бол удаан хугацаанд “халдашгүй”, Ши Жиньпиний ойрын холбоотон гэж тооцогдож ирсэн. Тэд хоёул “хунтайжууд” буюу хувьсгалч удирдагчдын хүүхдүүд.

Тодруулбал, эцэг эхүүд нь Хятадын Иргэний дайны үед хамтран тулалдаж байсан, гэр бүлийн холбоо нь нэг үеэс илүү үргэлжилсэн хүмүүс юм.

“Энэ хэрэг Ши Жиньпиний удирдлага доорх Хятадын улс төрд томоохон эргэлт авчирч магадгүй. Энэ тогтолцоонд үнэхээр хэн ч аюулгүй биш гэдгийг харуулж байна” хэмээн Брукингсийн хүрээлэнгийн судлаач Жонатан Цзин онцолжээ. Түүний хэлснээр, кампанит ажил буюу цэвэрлэгээ одоо Коммунист намын хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Энэ нь Ардын чөлөөлөх армид авлига, удирдлагын доголдол маш гүнзгий байгааг Ши Жиньпин хүлээн зөвшөөрч, удирдлагын бүхэл бүтэн нэг үеийг солих шаардлагатай гэж үзсэнийг илтгэж байна. Харин Жангийн уналт нь онцгой. Учир нь Ши Жиньпин эхлээд өөрийн дайснуудыг онилж, дараа нь өөрийн томилсон албан тушаалтнуудыг буулгаж авсан. Харин одоо олон жилийн турш ойр харилцаатай байсан холбоотнуудаа хүртэл унагаж байна. Цзингийн хэлснээр, энэ нь бараг л Шекспирийн жүжиг мэт үйл явдал юм.

ШИ ЖИНЬПИНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙР СУУРЬ

Жангийн эсрэг явуулж буй шалгалтын жинхэнэ шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байна. Энэ нь зөвхөн гаднынханд бус, магадгүй Хятадын цэргийн дотоод хүрээнд ч тодорхой бус байж болзошгүй. Хятадын арми нь асар том, маш нууцлаг бүтэцтэй бөгөөд ердийн жишгээс ч илүү хаалттай тогтолцоо юм.

“The Wall Street Journal” сонин дээд түвшний албан тушаалтнуудтай ойр эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, Жанг Хятадын цөмийн зэвсгийн “үндсэн техникийн мэдээллийг АНУ-д задруулсан”.

Мөн албан тушаалын хүрээнд авлига авсан, тэр дундаа нэг офицерыг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлэхэд нөлөөлсөн хэмээн буруутгасан байна. Зарим шинжээчийн үзэж буйгаар, төрийн нууц задруулсан гэх хэргүүд нь бодит аюул заналтай холбоотой гэхээсээ илүүтэйгээр намын дотор үүссэн үл ойлголцол, түгшүүрийг намжаах, тайлбар өгөх зорилготой байсан байж магадгүй ажээ. Үүнээс гадна албан ёсны мэдээлэл хомс байгаа энэ үед янз бүрийн цуурхал тархаж амжсан байна.

Зарим нь Ши Жиньпин эрх мэдлээ алдаж байна гэж таамаглаж байгаа ч ихэнх шинжээчид үүнийг үгүйсгэдэг.

Харин бусад нь Ши Жиньпин армийн доторх өрсөлдөгч бүлэглэлүүдийг дарах оролдлого хийж байж магадгүй гэж үзэж байна. Мөн намын доторх зөрчил дээд албан тушаалтнуудын анхаарлыг сарниулсан гэж Ши Жиньпин үзсэн гэх таамаг гарснаас гадна Жан түүний эрх мэдэлд заналхийлж эхэлсэн гэх таамаг, цуурхал ч гарчээ. Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн Хятадын судалгааны төвийн судлаач Нейл Томасын хэлснээр, “PLA Daily сонинд гарсан редакцын өгүүллийн хэл найруулга нь Жан “хэтэрхий хүчирхэг” болж эхэлснийг Ши Жиньпинд харуулсан байж магадгүй юм” гэв.

Мөн Ши Жиньпиний итгэлийг Жан алдаж, цэргийн худалдан авалтын тогтолцоог авлигад өртөхөд хувь нэмэр оруулсан, эсвэл армийг цэвэр, чадварлаг болгохын төлөө хангалттай хүчин чармайлт гаргаагүй байж болохыг дурджээ.

Хятадын хувьд арми нь төрд бус, Коммунист намд захирагддаг онцлогтой. Ши Жиньпин 2012 онд Хятадын удирдагч болсноосоо хойш армийг бүхэлд нь өөрчлөх бодлого явуулж ирсэн. Түүний зорилго нь зөвхөн АНУ зэрэг өрсөлдөгч орнуудтай өрсөлдөхүйц орчин үеийн арми байгуулах байв. Гэхдээ энэ нь Хятадын газар нутгийн шаардлагыг дэмжихэд оршихгүй. Илүүтэйгээр Коммунист нам болон өөрийнх нь эрх мэдлийг ямар ч нөхцөлд хамгаалах чадвартай арми бий болгох явдал юм. Энэхүү зорилго нь түүхийг нарийн судалсан Ши Жиньпиний үзэл бодолтой холбоотой.

Тухайлбал, удирдагчид армиа хянах чадвараа алдсанаар дэглэм нурсан жишээнүүдээс сургамж авсантай холбоотой гэж шинжээчид үздэг.

Томоохон хэмжээний бүтцийн өөрчлөлт, технологийн шинэчлэл нь авлигын эсрэг кампанит ажилтай зэрэгцэн явагдсан. 2023 оноос Хятад цэргийн өндөр албан тушаалтнууд болон батлан хамгаалахын салбарын олон удирдах ажилтан мөрдөн шалгагдсан. Шинжээчдийн үзэж буйгаар, Ши Жиньпин дээд генералуудаа хүртэл цэвэрлэж чадсан нь түүний сул дорой байдал бус, харин эрх мэдэл нь маш бат бөх байгааг илтгэж байна. “Ши Жиньпин эрх мэдэлд гарснаасаа хойш Ардын чөлөөлөх армийн маш олон дээд түвшний удирдагчдыг огцруулж чадсан. Энэ нь түүний улс төрийн байр суурь ганхашгүй гэдгийн тод илрэл юм” хэмээн Сингапур дахь Батлан хамгаалах, стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд профессор Жэймс Чар онцолжээ.

“ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ”

Хятадын армид явагдсан цэвэрлэгээний дүнд Ши Жиньпин тус улсын цэргийн удирдлагын дээд түвшинд бараг ганцаараа үлдээд байна. 2022 онд болсон ээлжит удирдлагын шинэчлэлийн дараа Ши Жиньпиний даргалдаг Төв цэргийн зөвлөл зургаан дүрэмт хувцастай гишүүнтэй болсон. Харин энэ удаагийн авлигын мөрдөн шалгалтын улмаас ганцхан хүн зөвлөлд үлдээд байгаа нь армийн авлигын эсрэг ажлыг хариуцсан Жан Шэнмин л албан тушаалдаа үлджээ. Шинжээчдийн үзэж буйгаар, дээд түвшний удирдагчдыг олноор нь огцруулсан нь Ардын чөлөөлөх армийн удирдлагыг одоо “эмх замбараагүй байдалд” оруулсан байна. Генерал цолтой албан тушаалтан бараг үлдээгүй. Мөн чадварлаг хүмүүс байгаа ч тэд дээд түвшний удирдлагад шинээр орж ирэх тул туршлагагүй байх магадлалтай.

Ши Жиньпин дараагийн удирдлагын шинэчлэл хүртэлх 18 сарын хугацаанд шинэ удирдагчдыг нягтлан шалгаж, армид байсан хуучин нөлөө, талцлыг арилгахыг зорьж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Үүний зэрэгцээ, Ши Жиньпин нэр хүнд нь унасан удирдагчдын оронд хоёрдугаар түвшний офицеруудыг албан бусаар томилж, сул орон тоонуудыг нөхөж байгаа аж. Ингэснээр армийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж ажиглагчид хэлжээ. Тэр дундаа залуу, магадгүй илүү мэргэжлийн офицерууд үүрэг хариуцлагыг хүлээн авч байгаа бололтой.

Гэхдээ энэ байдал Бээжингийн урт хугацааны зорилгод, ялангуяа өөрийгөө удирддаг Тайванийг хяналтдаа авах амбицад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн дээд албан тушаалтнуудыг буулган авсан нь цэргийн бэлэн байдал, ёс суртахуунд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Ялангуяа байлдааны командлалтай холбоотой чухал үүрэгтэй Люг шалгаж буй нь эдгээр эргэлзээг улам нэмэгдүүлж байна гэж шинжээчид онцолжээ. Гэсэн ч зарим ажиглагчид Ши Жиньпин одоогоор төдийлөн санаа зовохгүй байна гэж үзэж байна. Тэдний хэлснээр, Тайваньд дараагийн томоохон сонгууль 2028 онд болох тул энэ үеийг Ши “дотоод цэвэрлэгээ” хийхэд хамгийн аюул багатай цаг гэж тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн