The League
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн финалын цуврал үргэлжилж байна. Цувралын гурав дахь тоглолт өчигдөр/2026.04.14/ болж, аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд ээлжит хожлоо байгуулав. Тэдний эсрэг “Бүүги” Казинстай Сэлэнгэ Бодонс баг цувралын харьцааг ойртуулах гэж хичээсэн ч чадсангүй. Хүлээлт өндөр байсан баг 0-3 гэсэн нуман тулгуурт орж, хожигдох эрхгүй болжээ.
Тоглолтын тухайд эхний үеэс л Хүлэгүүд илүүрхэж, онооны тэргүүллийг авсан. Харин хоёрдугаар үед Бодонсынхон өрсөлдөгчийнхөө хэмнэлийг дарж, тооны харьцааг тэнцүүлэв. Цувралын өнгийг тодорхойлох чухал тоглолт байсан учир хоёр багийнхан эхнээсээ л өндөр хэмнэлтэй, ширүүн уур амьсгалтай тоглосон. Үүний улмаас тоглолт ч олон завсарлаж, шүүгчид удаа дараа бичлэг ухрааж үзжээ.
Гуравдугаар үеэс Хүлэгүүд тэргүүллээ эргүүлэн авч, багийн тоглолтоороо онцгойрлоо. Бөмбөгний шилжилт, довтолгооны сонголтууд, хамгаалалтын ойлголцол, бөмбөгний төлөөх тэмцэл гээд бүхий л талаараа Бодонсоос ялгарч эхэлсэн. Улмаар дөрөвдүгээр үед Бодонсын оноог ойртуулах гэсэн оролдлого бүрийн эсрэг хариуг нь барьж, ирийг нь дарав.
Хүлэгүүдээс энэ тоглолтод Э.Түшиг, Б.Барсболд гэсэн урд шугамын тамирчид нь талбайн бүх талд хүрч, Бодонсын толгойны өвчин боллоо. Мөн Иан Миллер, Жорди Тшиманга нар ажлаа сайн хийжээ.
А.Азбаяр 27 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн. Түүнийг зогсооно, самбарт хашина гэдэг бүтэшгүй мэт л харагдав.

Цувралын хоёр дахь тоглолтоос хойш багагүй хугацааны дараа энэ тоглолт болсон. Хоёр багт хоёуланд нь алдаагаа засах, дахин төлөвлөгөө гаргах хугацаа байсан. Харамсалтай нь, Бодонс гэрийн даалгавраа муу хийжээ. Хоёр, гуравдугаар үед Скраб, Казинс нар талбайд хамт байх хугацаандаа л бөмбөг шилжиж харагдах юм. Бусдаараа нэг хүний гоцлон тоглолт, хоёр дахь боломж зэргээс л оноогоо эрэлхийлэх аж.
Хамгийн том асуудал нь тэдний алсын зайн шидэлт. Үнэхээр “тоосго шидэж” байна. Өчигдөр л гэхэд л гурван онооны шидэлтийг 30 удаа гүйцэтгэж, ердөө тавыг нь оруулсан. Финалд тоглож байгаа баг ийм гүйцэтгэлтэй тоглоно гэдэг байж боломгүй.
Скраб, А.Ананд, Н.Батбаяр гурвын шидэлт үнэхээр харагдаагүй. Тэдний тааруу тоглолтын хажуугаар Казинсын тааруу тоглолт үргэлжлэв. Түүнийг талбайд байхад бага нь -17 гэх үзүүлэлттэй. Түүн шиг сөрөг үзүүлэлттэй тоглогч талбайд үгүй. Хамгаалалтад хичээл зүтгэлгүй, самбарт довтлогчоо хашихгүй, довтолгоонд идэвх муутай оролцсон гээд олимп, дэлхийн аваргыг шүүмжлэх өнцгүүд олон.
Одоо Бодонс багт хариу барих, цувралыг эргүүлэх хөзөр үлдсэн үү? Байгаа хөзрүүдээ тултал ашиглалаа, сэлгээгээ ч ухлаа. Цувралыг уртасгахын тулд О.Тулга, А.Ананд, Н.Батбаяр нар нэг түвшин ахиж, Скраб, Казинс хоёр ирсэн хэргээ гаргах учиртай. Ялангуяа Казинс энэ улирал дутуугаа гүйцээнэ гэж ирсэн ч нэг багтаа хоёр хожигдох нөхцөл үүсчээ.
Нөгөө талд Хүлэгүүд дөрвөн тоглолт дараалан бүдрэхээр харагдахгүй байна. Тэдний хувьд эртхэн энэ цувралаа дуусгаж, Ази дахь аялалдаа анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа нь мэдээж.
Цувралын дөрөв дэх тоглолт маргааш 19:10 цагаас эхэлнэ.