Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 13-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзан, яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ын бэлтгэл ажил, зохион байгуулалт, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, санхүүжилтийн асуудлыг хөндөв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллахыг чухалчилж байгааг онцлов. Тэрбээр COP17 бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Мөн зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг дурдав.
