Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 //. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номыг өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд нээлээ.
Энэхүү бүтээл нь цаашдын олон судалгаа, санаачилгын суурь үндэс болж, улам өргөжин хөгжих боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог болохыг номын нээлтийн үеэр эрдэмтэн судлаачид онцолж байсан юм.
Тодруулбал, “Монгол” хэмээх нэртүүх сурвалжид хамгийн анх дурдагдсанаас авхуулаад XX зуун хүртэл монголчуудын хэрэглэж байсан олон зүйлийн бичиг бичиг үсгээр төдийгүй олон хэлний эх сурвалж, архивын баримт, газрын зурагт тулгуурлан тодруулжээ. Үүнд, монгол хэлний түүхэн сурвалжууд, монгол, тод, дөрвөлжин бичиг, хятад ханзаар тэмдэглэгдсэн дурсгалууд төдийгүй дорно дахины хятад, япон, солонгос, перс, турк хэлээрх эх сурвалжууд, өрнө дахины англи, франц, орос, герман, чех, итали, испани зэрэг 10 гаруй хэлээрх баримтад тэмдэглэгдсэн “Монгол” хэмээх нэрийг харьцуулан нягталсан байна. Тэгэхдээ уг бүтээл нь “Монгол” гэдэг нэрийн гарал үүслийг тайлбарлахад чиглэсэн бус, харин түүхэн сурвалжуудад хэрхэн уламжилж ирснийг баримтаар өгүүлжээ.
Энэхүү судалгааг 20 гаруй эрдэмтэн, судлаачид хамтран гүйцэтгэж, олон хэлээр эх сурвалж, архивын баримт бичиг, газрын зураг зэрэг бодит хэрэглэгдэхүүнд тулгуурлан хийснээр монгол хэл, түүх, нэршлийн судалгааны чухал бүтээл бий болсныг номыг нээх үеэр судлаачид тэмдэглэж байв.
Судалгааны гол үр дүнгийн нэг нь олон улсад хэрэглэж буй “Монголиа” гэдэг нэрийн утга, хэлбэрийг тодруулсан явдал аж. Судлаачдын үзэж буйгаар латин хэлний “-ia” дагавар нь газар орны нэр үүсгэх дагавар тул “Монголиа” гэдэг нь “Монголчуудын орон” гэсэн утгыг агуулна. Харин “Монгол” гэдэг нь язгуур, уугуул нэр бөгөөд 1000 орчим жил өөрчлөлтгүй явж ирсэн жинхэнэ дуудлагыг нь харгалзан үзэж, цаашид Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрэнд нь нийцүүлж “Mongol” гэж бичиж хэвшүүлэх нь зохистой хэмээн үзжээ.
Номын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ч.Лодойравсал хэлэхдээ, “Монголчууд өөрсдийгөө эртнээс “Монгол”, “Монголчууд” хэмээн нэрлэж ирсэн нь хэлний хувьд маргаангүй, тогтвортой уламжлал юм. Харин дэлхийн улс орнууд Монгол Улсыг хэрхэн нэрлэж ирсэн, тэр нэршил цаг хугацааны явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж, дуудлага бичлэг нь яаж хувирч ирснийг судлах нь чухал ач холбогдолтой” гэдгийг тодотгоод, “Ийм судалгаа нь зөвхөн нэршлийн асуудлыг тодруулах төдий биш дэлхийн улс орнууд монголчуудыг хэрхэн харж, ямар өнцгөөс үнэлж
ирснийг ойлгох боломжийг олгодог. Мөн монголчуудын зөв, зохистой нэршил ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлох суурь нь болно” хэмээн онцолсон юм.
МУИС-ийн проректор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ярихдаа,
“Монгол”, “Монголиа” гэсэн хоёр нэр түүхийн эх сурвалжуудад ямар хэлбэрээр тэмдэглэж ирснийг тодруулж гаргахыг зорьсон. Үр дүнд нь “Монгол” гэдэг нэр цаг хугацааны хувьд илүү эртний бичгийн дурсгалд хэрэглэгдэж байсан бол хожим өрнө дахины хэлний “-ia” дагавар нэмэгдсэнээр “Монголиа” гэх хэлбэр түгэн дэлгэрсэн болохыг тогтоосон” гэдгийг тодотгож байв.
Монгол Улсын Ардын багш С.Дулам,
“Судалгаанд XIII-XVIII зууныг хүртэлх хугацааг хамруулж, монгол бичгийн олон төрөл, уламжлалаар бичигдсэн сурвалжууд, дорно, өрнө дахины олон хэлээр архивын баримт бичгийг нягтлан шинжилжээ. Судалгаанд багтсан сонирхолтой хэсгийн нэг нь газрын зургийн эх сурвалжууд юм. Тухайлбал, Европын анхны газрын зураг бүтээгчдийн нэг Абрахам Ортелийн 1570-аад оны бүтээлээс эхлээд 1794 оныг хүртэлх газрын зургууд дээр “Монгол” хэмээх нэр хэрхэн тэмдэглэснийг харуулсан байна. Мөн 1829 оны Азийн газрын зургуудыг ч багтаан танилцуулжээ. Эдгээр газрын зургийг өнөө үед олж үзэхэд амаргүй тул нэг дор эмхэтгэн оруулсан нь дараагийн судлаачдад үнэтэй эх хэрэглэгдэхүүн болж, өөрсдийн дүгнэлт, шинжилгээг хийх боломжийг бүрдүүлжээ.
Дорно, өрнө дахины олон хэлэнд “Монгол” хэмээх нэр нь ихэвчлэн эх дуудлагатай ойролцоо боловч бага зэрэг ялгаатай хэлбэрээр тэмдэглэгдэн ирсэн бөгөөд өнөө хүртэл зарим хэлэнд тэр ялгаа хадгалагдсаар байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед зарим улс орон өмнөх буруу дуудлагаа засаж, эх дуудлагад ойртуулах хандлага гаргаж, тодорхой хэмжээнд хэрэгжүүлж эхэлж буй нь сайшаалтай” хэмээж байлаа.



