Баб эл-Мандабын тэнгисийн хоолойн дэргэд орших дорнод африкийн бүгд найрамдах улс болох Жибути ерөнхийлөгчийн сонгуулиа хийлээ. Сонгуульд ерөнхийлөгч Исмаил Омар Гуэллех 97.8 хувийн саналаар ялалт байгуулж, зургаа дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх болов.
78 настай Исмаил Омар Гуэллехийн цорын ганц өрсөлдөгч Мохамед Фарах Саматар 2.19 хувийн санал авчээ.
27 жилийн турш засгийн эрхэнд байсан Гуэллех огцрохоо амлаж байсан боловч арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дахин нэр дэвших боломжтой болсон. Тодруулбал, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн насны дээд хязгаар болох 75 насыг үгүйсгэснээр тэрбээр дахин нэр дэвшсэн юм.
Тэрбээр кампанит ажлаараа дэлхийн улс орнууд үймж байхад Жибути улсад нөхцөл байдал тогтвортой хэвээр байгааг онцолсон. Жибути нь дэлхийн хамгийн ачаалалтай тээврийн маршрутын нэг болох Суэцийн сувгийн гарц болдог улс. Мөн АНУ, Хятад, Франц, Итали, Япон улсууд тус улсад цэргийн баазтай учир стратегийн чухал бүсэд тооцогддог.
Гуэллех бол Жибути улс 1977 онд Францаас тусгаар тогтносноос хойших хоёр дахь ерөнхийлөгч юм.
Угтаа бол Дахир Ахмед Фарах зэрэг сөрөг хүчний гол намуудын удирдагчид 2016 оноос хойш сонгуулийг бойкотлож байна. Жибутигийн парламент 2010 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хязгаарыг цуцалж, зургаагаас таван жил болгон богиносгожээ.