Италийн Сери-А лигийн албан ёсны түншийн зүгээс 32-р тойргийн онцлох тоглолтыг танилцуулж байна. Энэхүү тоглолт дөрөвдүгээр сарын 12-нд Комогийн цэнгэлдэхэд болно.
Интер ялалтын буухиагаа үргэлжлүүлж байна
Интер Милан буюу Нерадзурри 21 дэх Скудеттогийнхоо төлөө хүчтэй урагшилж байгаа бөгөөд зогсох бодолгүй байна. Өнгөрсөн тойрогт тэд Ромаг Сан Сиро цэнгэлдэхэд 5:2-оор бут ниргэж, гайхалтай формтой байгаагаа харуулсан.
Багийг ахлагч Лаутаро Мартинез гайхалтай байна. Тэрбээр бэртлээс эргэн ирээд хоёр гоол оруулж, энэ улиралд нийт 16 гоолтойгоор мэргэн буучийн өрсөлдөөнийг итгэл төгс тэргүүлж байна.
Мөн Димарко онцгой улирлыг өнгөрүүлж байна. Тэрбээр 15 гоолын дамжуулалт өгч, агуу Роналдиньогийн 2009–10 оны улиралд тогтоосон 17 гоолын дамжуулалтын рекордыг эвдэхэд тун ойрхон байна.
Интер 31 тоглолтод 71 гоол оруулж, лигийн хамгийн хүчирхэг довтолгоотой баг болжээ. Үүний зэрэгцээ хамгаалалт нь ч найдвартай. Зөвхөн АС Милан болон Комо л тэднээс бага гоол алдсан.
Комо – Улирлын хамгийн их яригдсан баг
Комо сүүлийн тоглолтдоо Удинезетай 0:0-ээр тэнцэж, дараалан ялсан цувралаа зогсоосон.
Фабрегасын удирдлага дор Комо лигийн шилдэг хамгаалалттай баг болж, 31 тоглолтод ердөө 22 гоол алдсан. Гэхдээ тэд хамгаалалтад сууж тоглодоггүй, харин бөмбөг эзэмшиж, байрлалын довтолгоогоор өрсөлдөгчөө давамгайлдаг.
Багийн гол довтлогч Дувикас 11 гоолтой, Лаутаротой мэргэн буучийн төлөө өрсөлдөж байна. Харин Хесус Родригез долоон гоолын дамжуулалт өгөөд байгаа бол Нико Паз Италийн лигийн хамгийн ирээдүйтэй, сонирхолтой тоглогчдын нэг болсон.
Хэн хожих вэ?
Түүхэн статистикаар Интер давуу талтай. Комо өмнө нь Интерийг хожиж байгаагүй. Гэхдээ Комо талбайдаа сүүлийн 4 тоглолт дараалан ялагдаагүй бөгөөд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө сенсаци тарих бүрэн боломжтой.
Мөн гуравдугаар сарын эхээр Италийн цомд таарахад тэд 0:0-ээр тэнцсэн. Энэ тоглолт асар өндөр ач холбогдолтой. Интерийн хувьд Скудеттогийн өрсөлдөөнд тэргүүллээ бататгах шаардлагатай бол Комо түүхэндээ анх удаа Аваргуудын лигт оролцох боломжийн төлөө өрсөлдөж байна.
100 мянга хүрэхгүй хүн амтай хотын баг ийм өндөр түвшинд өрсөлдөж байгаа нь өөрөө гайхамшигтай.