ОХУ-ын Хууль зүйн яам өчигдөр (2026.04.10) АНУ-ын Стэнфордын их сургуулийг “тааламжгүй байгууллага” жагсаалтад оруулжээ. Энэ нь тус их сургуультай холбоотой хүмүүсийг эрүүгийн хэрэгт татагдах эрсдэлд оруулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд барууны дор хаяж 19 их сургууль, боловсролын байгууллага ОХУ-ын тааламжгүй байгууллага гэх жагсаалтад орсон байна. Тус улсын хуулиар тааламжгүй байгууллагатай холбоотой хүн, тэр дундаа оюутнууд хүртэл 4-6 жил хүртэл хорих ял авах эрсдэлтэй.
Гэхдээ Стэнфордын их сургуулийг яагаад ийм жагсаалтад оруулсныг ОХУ-ын албаныхан тайлбарлаагүй байна. Мөн тус их сургуулийн Орос, Зүүн Европ болон Евразийн судалгааны төв (CREEES), Германы ашгийн бус “CRISP” байгууллагыг мөн энэ жагсаалтад оруулжээ. Өмнө нь ОХУ “Tufts”, “UC Berkeley”, “George Washington University”, “Yale” зэрэг АНУ-ын бусад их сургуулийг тааламжгүй байгууллага гэж зарласан байдаг.
Шинжээчдийн тооцоогоор ийм байгууллагуудтай холбоотой 2,000–3,000 орчим орос иргэн хууль эрх зүйн эрсдэлд орж болзошгүй гэж үзэж байна.
ОХУ 2015 онд тааламжгүй байгууллагын тухай хуулийг баталсан. Үүнээс хойш гадаадын санхүүжилттэй байгууллага, хэвлэл мэдээлэл болон сөрөг хүчний байгууллагуудыг хязгаарлахад ашиглаж иржээ. Одоогоор олон зуун байгууллага ийм жагсаалтад орсон байна.