, 2026 оны дөрөвдүгээр сарын 10Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо өөрсдийн болгоомжгүйгээсээ болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдол гарч байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас анхаарууллаа.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэл үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны хилээр орж гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж, 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
ЭСЯ-наас паспортоо гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг. Иймд БНХАУ-аар зорчиж буй манай улсын иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхаарал болгоомжтой аялах шаардлагатай байна.
Хэрэв бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд ЭСЯ-ны +8617600787323, +861065321203 дугаар, [email protected], [email protected] цахим хуудсаар холбогдох аж.