“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 14 дэх жилдээ болно

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд анх монголчуудын хүртээл болж байсан “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэх гэж байна.

Энэ сарын 18-нд “Аса арена” хөшгөө нээх энэхүү олон улсын циркийн тоглолтод Монгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 орны 280 орчим уран бүтээлч оролцох аж. 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тоглолтын гол онцлог нь жил бүр хөтөлбөр, номер нь өөр байдаг бөгөөд дахин давтагдашгүй гэдгээрээ үзэгчдийг татаж чадсан байдаг. Тэгвэл энэ удаа Италиас гурван төрлийн 11 бар иржээ. Эдгээр бар нь олон улсад галтай үзүүлбэрээр алдаршсан юм. Түүнчлэн эзэн хааны пудель ноход үзүүлбэрээр үзүүлэхээр өчигдөр Монголд ирснээс гадна бөмбөгөөр наадагч муурнууд энэ удаагийн циркийн тоглолтын нэг хэсэг байх аж.

Энэхүү тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэ ярихдаа “Энэ эдаагийн “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт албан ёсоор хөшгөө нээхэд бэлэн боллоо. Тоглолтод оролцох зочид, амьтад манай улсад ирээд дуусаж байна. Бар маань 4000 км замыг туулаад Монголд ирсэн. Нэг бар өдөрт таван кг мах иддэг. Үзүүлбэрт оролцох 11 бард зориулж бид 3.3 тонн үхрийн мах бэлдсэн. Барнууд маань ОХУ болон Казахстан дахь аялан тоглолтоо дуусгаад Монголд хоёр хоногийн өмнө ирлээ. Зэрлэг араатныг хэрхэн циркийн сургуультай амьтан болгосныг харах боломжтой. Үзэгчид жил бүр шинэ зүйлийг хүсдэг. Тиймээс өмнө нь үзүүлсэн номеруудаа давтахыг хүсдэггүй. Хамгийн гол нь олон улсын циркийн наадмуудаас алт, мөнгө, хүрэл цом хүртсэн шилдэг номеруудыг, сорчилж авчирдгаараа онцлогтой юм. Тэр утгаараа Монголын үзэгчдэд хүлээлттэй байдаг болов уу. Энэ жилийн тоглолтын гол онцлог нь бид анх удаа “Дэлхийн цирк Монголд” тоглолтын Дархан хотод зохион байгуулах гэж байна. Тэгэхээр Дархантай ойрхон байгаа аймгийн ирээд үзэх боломжтой” хэмээв.

“Дэлхийн цирк Монголд 2026” тоглолт энэ сарын 18-нд “Аса арена”-д нээлтээ хийнэ. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт буюу нийт найман өдөр тоглох хуваарь гаргажээ. Түүчлэн Дархан хотын “Дархан Юнайтед арена”-д ирэх сарын 16, 17-нд төвийн бүсийн үзэгчдийн хүртээл болох юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн