Йемен: Багш нарын 60 гаруй хувь нь цалингүй ажиллаж байна

Мохаммед Салем Йемений улсын сургуульд багшилдаг. Тэр энэ ажлаа дуусгачихаад, үргэлжлээд хувийн сургуульд хичээл зааж, эцэст нь гурав дахь ажил болох зочид буудал руугаа явдаг. Хэрвээ дахиад илүү цаг гардаг бол дөрвөн ч ажил хийсэн бэлэн гэдгээ тэр ярьж байна.

Мохаммед Салем 31 жил багшаар ажилласан бөгөөд зургаан хүүхдийн эцэг. Өнөөдөр тэр хамаг чадлаараа дөрвөн газар ажиллаад ч 10 жилийн өмнөхөө давсан цалин авч чадаагүй л байна. 10 жилийн өмнө түүний сарын орлого 320 ам.доллар байсан бол өнөөдөр 130 болж буурчээ.

Йеменчүүд 10 гаруй жилийн турш Ираны дэмжлэгтэй хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хоорондох цуст мөргөлдөөний хөлд үрэгдэж байна. Энэ дайн мянга мянган хүний ​​аминд хүрч, сая сая хүнийг дүрвэхэд хүргэсэн. Дайн байлдаанаас болоод тус улсад эдийн засгийн нөхцөл байдал доройтсоор, риалын ханш унасаар байна. Иймд иргэд тогтсон ганц ажил хийхэд улам хүндрэлтэй болжээ.

Бага бөгөөд тогтмол бус орлоготой Мохаммед шиг багш нар гэр бүлээ тэжээхийн тулд хатуу ширүүн бүхнийг туулж байна. Тэд шим тэжээлтэй хоол хүнснээс татгалзаж, хямд түрээс хайн хотын зах руу нүүсэн. Өглөөний цайнд мөнгө үрэхгүйн тулд ажил, хичээлгүй бол ахиухан унтаад, үдийн хойно сэрэх айлууд ч бий. Мөн айлууд хүүхдүүдээ сургуулиас гаргаж, цэрэгт элсүүлж байна. Яагаад гэвэл цэргүүд сард 265 ам.доллараар цалинждаг учир ар гэртээ нэмэртэй юм.

Эдийн засгийн доройтлыг дагалдаад олон салбарт гамшиг нүүрлэж буй. Ялангуяа боловсролын салбарын хямрал нь бүхэл бүтэн нэг үеийг харанхуй ирээдүй рүү түлхэж байна. Өнөөдөр Йеменд сургуулийн насны 6.6 сая орчим хүүхэд боловсрол эзэмших эрхээ хасуулаад байгаа бол 2375 сургууль эвдэрч сүйджээ. Үүний зэрэгцээ нийт багш нарын гуравны хоёр хувь буюу 193,668 орчим багш цалингүй ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн