Алтан ташаатай “төрсөн” Netflix-ийн од

ХҮМҮҮС

NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа сүүлийн үед од болоод буй солонгос жүжигчин болох Чон Жун Сёг онцолж байна. Түүний гол дүрд нь тоглосон уран бүтээл бүр олны анхаарлыг татаж, олз омог ихтэй буй. Ингээд түүнтэй танилцъя.

СӨҮЛД ТӨРЖ, КАНАДАД ӨССӨН ОХИН

Чон Жун Сё нь 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотноо мэндэлжээ. Тэрбээр багадаа гэр бүлийнхээ хамтаар Канад руу нүүсэн аж. Дунд сургуулиа Канадад дүүргэж, улмаар Сөүл руу буцав. Эх орондоо эргэн ирээд Анян урлагийн ахлах сургуульд суралцаж, урлагийн ертөнөд хөл тавьсан гэнэ. Өсвөр насандаа тайз, дэлгэцийн ажилд дурлаж, энэ чиглэлээр ажиллах мөрөөдөл тээжээ.

Ахлах сургуулиа төгсмөгцөө Сэжүн их сургуулийн кино, драмын ангид элсэж, удалгүй жүжигчний замналаа хөөхөөр хаяв. Урлагийн сургуульд сурсан эрдэм, чадвар нь түүнд анхны ажлаа олоход нь хангалттай байжээ.

ГУРАВ ХОНООД Л АНХНЫ ДҮР

Жүжигчин болохоор шийдсэн охин цөөнгүй агентлагийн хаалга татаж, Солонгосын урлагт хөл тавихыг хүссэн ч тохирох агентлагаа олж чадаагүй л явжээ. Азаар 2017 онд “My Company” гэх авьяастнуудын агентлаг түүнтэй гэрээ байгуулж, боломж олгов. Гэрээ байгуулснаас ердөө гуравхан хоногийн дараа тэрбээр анхны дүрийн сонгон шалгаруулалтдаа орж, тэнцсэн түүхтэй.

Түүний анхны дэлгэцийн бүтээл нь триллер төрлийн “Burning” гэх кино. Тухайн үедээ энэхүү кино шуугиан тарьж, багагүй амжилт олсон. Тус кинонд Чон Жун Сёгийн хувьд Хэ-Ми гэх охины дүрийг бүтээсэн юм.

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

“Burning” киноны найруулагч И Чан Дон залуу жүжигчинг магтан “Чон Жун Сё жүжигчний туршлага гэх зүйлгүй хүн. Энэ кино түүний анхны сонгон шалгаруулалт байлаа. Гэхдээ анхны гэдгээр нь би илүү татагдсан. Түүний царай өвөрмөц. Хүмүүст мэдрэмж төрүүлж, бодуулахаар төрхтэй. Тэр Хэ-Мигийн дүрд сайн тохирсон” гэжээ.

Жун Сё өөрийнхөө бүтээсэн анхны дүрийн талаар “Хэ-Ми бол сул бас хүчтэй дүр. Эзэрхэг, эрх чөлөөтэй хэдий ч ганцаардмал, хөндий хүн. Амьдралдаа үргэлж нэг алхам урагшлахыг хүсдэг нэгэн” гэж байв.

ХОЛЛИВУДЫН ХАРААНД ӨРТӨВ

“Burning”-ийн ачаар Жун Сё Каннын кино наадамд алхаж, найруулагч, продюсеруудын харааг булааж чаджээ. Түүнийг кино шүүмжлэгчид эерэгээр үнэлж, “The Hollywood Reporter” л гэхэд 2018 оны олон улсын шилдэг 15 залуу жүжигчний нэгээр тодруулав.

2020 онд Жун Сёгийн хоёр дахь бүтээл мэндэлсэн нь “The Call”. Тус кино нь 2020 оны арваннэгдүгээр сард “Netflix”-д нээлтээ хийж, мөн л анхаарлын төв оров. Оны төгсгөлд чамгүй шагналыг хүртэж, Солонгосын кино урлагийн тод төлөөлөл гэдгээ харуулжээ.

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

Залуу бүсгүй барууны кино бүтээгчдийн сонирхлыг төрүүлж, Рэйчел Жун гэх англи нэрээр АНУ-д дебютээ хийлээ. Кэйт Хадсон, Грэйг Робинсон тэргүүтэй Холливудын жүжигчдийн хамтаар “Mona Lisa and the Blood Moon” гэх адал явдалт, фантаз төрлийн кинонд дүр бүтээсэн нь түүнийг англи хэл дээр ч жүжиглэж чадна гэдгийг харуулав.

“Netflix”-ийн алдарт цуврал болох “Money Heist”-ийн Өмнөд Солонгос хувилбарыг хийхэд Жун Сё Токиогийн дүрд тогложээ. “The Call” киноны найруулагч И Чун Хюн тус бүтээлийг найруулсан аж. Ер нь “Netflix”-ийнхэн Жун Сёд дуртай гэлтэй. Үүний дараа “Ballerina” киноны гол дүрээ бас залуу бүсгүйд өгчээ.

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

АЛТАН ТАШАА

Жун Сёгийн биеийн галбир олны анхаарлыг татдаг. Ялангуяа түүний биеийн доод хэсэг болох аарцаг, ташаа, бэлхүүсийг магтах, шүүмжлэх хүмүүс бишгүй. Зарим нь түүнийг “Алтан ташаатай” гэдэг аж. Олон нийтийн цахим сүлжээнд үлдээсэн сэтгэгдлүүдийг дурдвал “Түүний ташаа төрөлхийн ийм үү?”, “Хэтэрхий гоо сайхны хагалгаанд оржээ”, “Жийргэвч хийчихсэн юм уу, эсвэл хагалгаанд орсон уу?” гэх мэт.

Жүжигчин бүсгүй өөрөө энэ талаар хариулаагүй. Фэнүүд нь түүнийг биеэ хүссэнээрээ өөрчлөх эрхтэй гэж дэмждэг.

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

ХУВИЙН АМЬДРАЛ

Жун Сё бол хөлбөмбөг болон бэйсболын улаан фанат. Бэйсболын Лос Анжелес Доджер багийн улирлын өмнөх тоглолтын нээлтийн шидэлтийг хүртэл хийж байв.

Түүнийг “The Call” киноны найруулагч И Чун Хюнтэй 2021 оноос хойш үерхэж байгаа гэх мэдээлэл бий.

Өдгөө тэрбээр “Highlander” гэх АНУ-ын бүтээлд дүр бүтээж байна.

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

Алтан ташаатай "төрсөн" Netflix-ийн од

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн