ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /NHK/. Японы парламент 2027 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн төсвийг 122 их наяд гаруй иенээр буюу түүхэн дэх хамгийн өндөр хэмжээгээр баталжээ.
Мягмар гаргийн үдээс хойш парламентын дээд танхимын Төсвийн хороо төсвийн хуулийн төслийг хэлэлцэж санал хураахад гишүүдийн санал тэнцсэн тул хорооны дарга Фүжикава Машахито өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, хуулийн төслийг дэмжсэнээр батлагдсан байна. Үүний дараа хуулийн төслийг дээд танхимын нэгдсэн хуралдаанд өргөн барьжээ.
Санал хураалтын өмнөх хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн ардчилсан намын гишүүн Моримото Шинжи эрх баригч эвслийг “доод танхимын Төсвийн хорооны үйл ажиллагаанд хатуу арга барил хэрэглэсэн, тухайлбал хуулийн төслийг хэлэлцэх хугацааг эрс богиносгосон” хэмээн шүүмжилжээ. Тэрбээр хэлэлцүүлгийн явцад асуудал гарсан тул төсвийн төслийг батлах боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Харин Либерал-ардчилсан намын (ЛАН) гишүүн Хасэгава Гакү Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдал ард иргэдийн амьдрал, эдийн засагт ихээхэн нөлөөлж байгааг онцолжээ. Тэрбээр төсвийн хуулийн төсөлд нөөц сан байгуулах, мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зардлуудыг тусгасан болохыг дурдсан байна.
Төсвийн хуулийн төслийг дээд танхим дахь ЛАН, Японы Сэргэн мандалтын нам, Японы Консерватив нам болон бусад намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Ийнхүү 2015 оноос хойш анх удаа шинэ санхүүгийн жил (дөрөвдүгээр сарын 1) эхэлсний дараа төсөв батлагдаж байгаа юм.
2026 оны санхүүгийн жилийн төсвийг 122.3 их наяд гаруй иень 765 тэрбум орчим ам.доллароор баталжээ. Японы хүн амын хөгшрөлт болон бусад хүчин зүйлээс хамааран нийгмийн хамгааллын зардал 39 их наяд иенээс давсан байна. Харин батлан хамгаалах чадавхыг үндэс сууриар нь бэхжүүлэх зардалд 8.98 их наяд иен төсөвлөжээ.