Жүжигчин Мэттью Перри 2023 онд кетамины хэт их нөлөөнөөс болж нас барсан. Түүний үхэлд Калифорнийн эмч Сальвадор Пласенсиа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь тэрбээр жүжигчний гэр болон Лонг Бичийн зогсоол зэрэг газруудад Перрид шууд кетамин тарьдаг байсан аж. Мөн Перригийн туслахад уг бодисыг хэрхэн хэрэглэхийг зааж өгч, нөөцөд хадгалах кетамины нэмэлт тунг худалдан зардаг байв.
Тэгвэл уг хэрэгт хам хэрэгтнээр татагдсан “Ketamine Queen” гэх хочтой Жасвин Сангха жүжигчин Перриг үхэлд хүргэсэн мансууруулах бодисыг зарсан хэргээр 15 жилийн хорих ял авчээ.
Прокурорууд мэдэгдэхдээ, Сангха кетаминыг хууль бусаар Перритэй холбоотой хүмүүст зарсан. Тэдний нэг нь уг эмийг Перрид дамжуулсан байв.
Перри удаан хугацаанд донтох асуудалтай байсан бөгөөд гэртээ нас барсан байдалтай олдсон юм. Кетамин бол зөвхөн эмчийн хяналтад хэрэглэгдэх ёстой хүчтэй бодис. Шүүх дээр Сангха уйлж, хийсэн зүйлдээ ичиж, уучлал хүсэж байгаагаа хэлсэн. Гэхдээ шүүгч түүнийг өмнө нь гэмшээгүй гэж үзэж ял оноожээ.
Перригийн хойд ээж Сангхад хамгийн дээд ялыг өгөхийг шүүхээс хүсч, энэ хэрэг маш их хор хохирол учруулсан гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч 65 жилийн ял авах боломжтой хэрэгт дөнгөж 15 жилийн ял авсан байна. Цагдаа нар Сангхагийн гэрээс кетамин, метамфетамин, кокаин, “Xanax” зэрэг олон төрлийн мансууруулах бодис олсон аж. Түүнчлэн түүнээс бодис худалдаж авсан өөр нэг хүн мөн адил хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсныг тогтоожээ.