Чамин хувцаслалт, театрын үзүүлбэрээрээ дэлхийд алдартай телевизийн поп шоу Ази тивд зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, “Eurovision” дууны тэмцээний бүсийн финалын шалгаруулалт энэ оны арваннэгдүгээр сарын 14-нд Тайландын Бангкок хотод болно. Ази тивийн анхны тэмцээнд 10 улс оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд Өмнөд Солонгос, Филиппин, Малайз, Лаос багтаж байна. Цаашид мөн оролцох орны тоо нэмэгдэх юм.
“Eurovision” тэмцээн анх 1956 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хөгжмийн шоуны нэг болсон. Энэ нь өнгөлөг хувцаслалт, өвөрмөц тайзны үзүүлбэр, мөн заримдаа улс төрийн маргаанаараа алдартай. Оролцогч орон бүр нэг уран бүтээлчийг сонгон, гурван минутаас хэтрэхгүй шинэ дуугаар тайзан дээр өрсөлдөх бөгөөд ялагчийг шүүгчид болон үзэгчдийн саналаар тодруулдаг. Энэ тэмцээн ABBA, Селин Дион, Оливия Ньютон-Жон зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчдийн карьерыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Зохион байгуулагчид Азийн хувилбар нь бүс нутгийн соёл, авьяас чадварыг харуулах болно гэж мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд “Eurovision” тэмцээн улс төрийн асуудлуудтай тулгарах болсон. Орос улс Украинд 2022 онд халдсанаас хойш тэмцээнээс хасагдсан. Мөн Вена хотод болох тэмцээнд нь Израилийг оролцохыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор зарим улс орнууд бойкот зарлаад байна. Гэсэн хэдий ч “Eurovision” жил бүр 150 сая гаруй үзэгчийн анхаарлыг татдаг томоохон олон улсын арга хэмжээ хэвээр байгаа бөгөөд Ази тив рүү тэлж байгаагаараа улам өргөжиж буйгаа харуулж байна.