Ким Жон Уны цөмийн мөрөөдлийн гүүр

Хойд Солонгос улс сүүлийн үед Орос, Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлж, дипломат алхмуудыг идэвхтэй хийж байна. Дэлхийн хамгийн тусгаарлагдмал орнуудын нэг гэж удаан хугацаанд нэрлэгдсэн Хойд Солонгос хамгийн чухал түншүүдтэйгээ харилцаагаа бататгахын зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнуудтай ч эв түнжингээ хадгалж байна.

Энэ нь АНУ-тай хэлэлцээ хийхийн өмнө өөрсдийн байр суурийг бэхжүүлж буй нэг хэлбэр гэдгийг шинжээчид онцоллоо. Тодруулбал, АНУ, Хятадын дээд хэмжээний уулзалт ирэх сард болохоор товлогдсон. Уг уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал хөндөгдөх төлөвтэй байгаа юм. Үүний зэрэгцээ энэ оны хоёрдугаар хагас АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт болох тухай ч яригдаад буй.

Хойд Солонгос улс Covid-19-ийн үед хилээ хаагаад, эргэж нээснээсээ хойш Хятадтай харилцаагаа сэргээх алхмуудыг хийсээр ирсэн. Тухайлбал, Пёньян, Бээжин чиглэлийн галт тэрэгний үйлчилгээ зургаан жил завсарласны эцэст өнгөрсөн сарын 12-нд сэргэсэн. Шууд нислэгүүд ч мөн сарын 30-нд явж эхэлсэн билээ. Үүний зэрэгцээ хоёр улсын удирдагчид томоохон баяр, үйл явдлуудын үеэр харилцан баяр хүргэсэн захидлуудыг тогтмол бие биедээ илгээдэг. Ким Жон Ун саяхан төрийн тэргүүнээр улиран томилогдоход Путин мэндчилгээ илгээснийг олон нийт санаж буй болов уу.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, тээврийн шугамууд сэргэсэн нь хоёр улсын харилцаанд шинэ өөрчлөлт гарсныг илэрхийлэхгүй. Энэ нь цар тахлын өмнөх хэвийн байдалдаа л улс орнууд эргэн орж буй хэрэг. Гэхдээ алсуураа бэлгэдлийн ач холбогдол ч энд бий.

Хойд Солонгос эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор Хятадтай бизнесийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгааг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн судлаач Ким Жон-вон хэллээ.

Ким Жон Уны цөмийн мөрөөдлийн гүүр

Харин ОХУ, Хойд Солонгосын харилцаа үүнээс арай өөр. Орос, Хойд Солонгос улсууд 2024 онд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш Пёньян олон мянган цэрэг эрсээ Украины дайны талбарт илгээсэн билээ.

Хойд Солонгосын төрийн хэвлэл “Rodong Sinmun” сонинд дөрөвдүгээр сарын 5-нд мэдээлснээр, Хойд Солонгосын Москва дахь Элчин сайдын яам гуравдугаар сарын 31-нд Солонгосын Ажилчны намын IX их хурлыг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн үеэр ОХУ-ын хэвлэлд Хойд Солонгосын тээврийн сайдтай хийсэн уулзалтын талаар мэдээлж, хоёр орныг холбох гүүр барих нь жижиг боловч бэлгэдлийн шинжтэй дэд бүтцийн төсөл гэдгийг онцолжээ.

Оростой харилцах нь Хойд Солонгосын хувьд өөрийн ашиг сонирхолд төвлөрсөн олон туйлт харилцааг бий болгох өргөн хүрээний бодлогын нэг хэсэг гэж Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн Ким тайлбарлажээ. Тэрбээр “Украин дахь дайн дууссаны дараа Оросын санал болгодог зүйлс багасч магадгүй. Тэгэхээр нэг түншээс хэт хараат байдлыг бууруулж, өөрсдийн ашиг сонирхолдоо нийцсэн олон туйлт хүрээг бий болгох хэрэгтэй” гэв.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлууштай нь Хойд Солонгос улс хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордогийн үлгэрийг сайн мэднэ.

Тиймээс Хятад, Оростой харилцах харилцаагаа тус тусад нь болгоомжтой зохицуулж байна. Тэд аль ч харилцаагаа хэт ил тод дөвийлгөхийг хүсэхгүй байна гэж Үндэсний нэгдлийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жон Ын-ли хэлжээ.

Эдгээр бүх дипломат маневрын цаана цөмийн зэвсэгтэй улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөх нэг л том зорилго байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ зорилгод хүрэх нь туслах хамгийн боломжтой түншээрээ Ким Жон Ун АНУ-ыг нэрлэж буй бололтой. Яагаад гэвэл Дональд Трампын засаг захиргаа дипломат бодлогын уламжлалт ойлголтыг эвдэж байсан онцгой арга барилтай. Тэгэхээр Хойд Солонгос улс Хятад, Оросоор дэмжүүлснээрээ АНУ-тай хэлэлцээ хийхдээ илүү хүчирхэг байр суурьтай байхыг хүсч байна.

Ким Жон Уны цөмийн мөрөөдлийн гүүр

Мэдээж Хойд Солонгосын гадаад харилцаа зөвхөн Орос, Хятадаар хязгаарлагдахгүй.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн сарын 25-нд анх удаа Пёньянд айлчилсан билээ. Энэ үеэр Ким, Лукашенко нар Найрамдал, хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурж, хоёр талын харилцааг албан ёсоор ахиулсан. Беларусь нь Орос, Хятадтай ойр харилцаатай улс тул Хойд Солонгосын стратегид яв цав нийцэх анд нөхөр юм.

Хойд Солонгос улс Вьетнамтай ч чамлахааргүй бат бөх харилцаатай. Ким Жон Ун, Трамп нарын 2019 оны уулзалт Вьетнамд болж байсныг дэлхий нийт мартаагүй байгаа болов уу. Зүүн өмнөд Азийн орнуудын Хойд Солонгосын үйл ажиллагаанд тавих хяналт харьцангуй сул гэдгийг онцолж болно.

Хойд Солонгосын дипломат идэвхжил нь Солонгосын хойгийн хувь заяаг чиглүүлэх Өмнөдийн боломж буурч байна уу гэх санаа зовнилыг яах аргагүй төрүүлнэ. Зарим шинжээчийн үзэж байгаагаар Өмнөд Солонгост Умардыг хэлэлцээнд татан оролцуулах бодит хөшүүрэг дутмаг байна. Хоёр Солонгосын харилцаанд бодит ахиц дэвшил гарах эсэх нь яг үнэндээ гадны орнуудаас ч хамааралтай байж мэдэх юм. АНУ, Хойд Солонгос хоёр хэлэлцээ хийвэл хөршүүдийн харилцаанд дэвшил гарч магад гэж зарим шинжээч таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн