Хятадын эдийн засгийн эмзэг цэг: “Teapot” үйлдвэрүүд

None

Дэлхий дахин хямарч байхад Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг сахин хамгаалж буй гол хотууд нам гүм, ажин түжин харагдана. Түгжрэлгүй, өргөн замаар газрын тос тээвэрлэсэн ачааны машинууд яарамгүй давхилдана. Дэлгүүр хоршоонууд хаалттай, хоолны газрууд ч үдийн цайны цагаар хүн цөөтэй харагдах аж. Гэсэн ч жижиг бизнес эрхлэгчид үүнд санаа зовохгүй байна. Тэдний хэлэхээр, дэлгүүр хоршоо, хоолны газруудын үйлчилгээний оргил цаг нь шөнө дунд гэнэ. Учир нь ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтнууд ээлжээ дуусгаад, шөнийн бор хоногт л хаалттай үйлдвэрийн цогцолбороос гарч ирдэг.

Хятадын зүүн хойд хэсэгт орших Шаньдун мужид газрын тос боловсруулах үйлдвэрүүд олон бий. Төрийн өмчит томоохон үйлдвэрүүдээс гадна “teapot” буюу цайны данх гэж нэрлэгддэг жижиг үйлдвэрүүд ч олон. Тухайн үйлдвэрүүдийг жижиг хэмжээтэй учраас “teapot” гэж нэрлэсэн аж.

Ийм үйлдвэрүүд төдийлөн ашигтай ажилладаггүй бөгөөд боломжтой газраасаа хямд түүхий тос авч, түүнийгээ бензин, дизель болгон боловсруулж хөрш мужуудад нийлүүлдэг. Шаньдун дахь ийм үйлдвэрүүд Хятадын нийт боловсруулах хүчин чадлын ойролцоогоор дөрөвний нэгийг бүрдүүлдэг.

Ойрхи Дорнодын хямрал, Украин дахь дайн зэрэг олон хүчин зүйл дэлхийн эрчим хүчний хямралыг өдөөсөн. Ялангуяа Ази тивд хямрал ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, газрын тосны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрснээр Пакистанд сургуулиуд хаагдаж, Филиппинд үндэсний онц байдал зарлажээ. Энэ эгзэгтэй цаг үед газрын тос боловсруулах салбар Хятадын эдийн засагт амин чухал болж ирээд байна.

Газрын тос нь Хятадын нийт эрчим хүчний хэрэглээний тавны нэгээс бага хувийг эзэлдэг. Гэсэн хэдий ч эдийн засагт, ялангуяа тээврийн салбарт маш чухал үүрэгтэй хэвээр.

Тиймдээ ч Вэйфан зэрэг хотуудад байрлах “teapot” боловсруулах үйлдвэрүүд Хятадын эдийн засгийг тогтвортой байлгах зайлшгүй хүчин зүйл болоод байна.

Ормузын хоолой хаагдсан ч гэлээ Ираны газрын тос далайгаар тээвэрлэгдсээр байгаа юм. Энэ тосны ихэнхийг Хятад руу нийлүүлж байна. Тодруулбал, Хятад улс Ираны түүхий тосны 80 гаруй хувийг худалдан авч байна. “Kpler” шинжилгээний компанийн мэдээлснээр, Хятад улс өдөрт ойролцоогоор 1.6 сая баррель түүхий нефтийг Иранаас импортолж байна. Энэ нь 2025 оны 1.4 сая баррельтэй харьцуулахад хамаагүй өссөн үзүүлэлт юм. Ираны газрын тосны урсгалд одоогоор ямар нэг тасалдал ажиглагдахгүй байгааг “Kpler”-ийн ахлах шинжээч Мую Сю хэлжээ.

Гэхдээ Хятадын төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэрүүд Ираны тосыг худалдан авахдаа болгоомжилж ханддаг. Учир нь тэд ам.долларт суурилсан олон улсын санхүүгийн системээс хасагдахыг хүсдэггүй. Тэгвэл дотоодын зах зээлд үйлчилдэг “teapot” үйлдвэрүүдэд ийм болгоомжлол байхгүй.

Трампын засаг захиргаа зарим “teapot” үйлдвэрүүдэд хориг тавьсан ч энэ нь Иранаас Хятад руу тээвэрлэж буй газрын тосны хэмжээнд бараг нөлөөлөөгүй. Барууны хориг арга хэмжээ Иран, Венесуэл, Оросыг Хятадын хамгийн том нийлүүлэгчид болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн ахлах судлаач Эрика Даунс хэллээ.

Вэйфан хотын жижиг шатахуун түгээх станцын эзэн хэлэхдээ “Дайн эхэлснээс хойш дизель, бензиний нийлүүлэлт тогтвортой байсан ч үнэ өссөнөөр ашиг бараг тэг болсон.

Бусад орон газрын тос авч чадахгүйдээ биш шүү дээ. Трамп зөвшөөрөхгүй болохоор л айгаад авч чадахгүй байгаа. Харин Хятад түүнээс айхгүй” гэжээ.

Дэлхий даяар газрын тосны хэрэгцээ ихсэхтэй зэрэгцээд АНУ Иран болон Оросын түүхий нефтийн экспортод тавьсан хоригоо зөөлрүүлсэн. Үүний дараачаас Шаньдуны “teapot” үйлдвэрүүд түүхий эддээ илүү өндөр үнэ төлөх болсон. “Kpler”-ийн мэдээлснээр АНУ, Израилийн цохилтоос өмнө Ираны хөнгөн газрын тос брент маркын газрын тосноос баррель тутамдаа ойролцоогоор 11 ам.доллараар хямд байжээ. Гэвч өдгөө брент маркын нефтийн үнэ өссөнөөр энэ зөрүү ердөө хоёр ам.доллар болжээ.

Шаньдун дахь нэгэн “teapot” үйлдвэрийн ажилтан “Дайнаас өмнө ашиг боломжийн байсан. Гэвч дайн эхэлснээс хойш түүхий нефтийн үнэ маш их өсч, үйлчлүүлэгчид ч худалдан авалтаа багасгасан” гэжээ.

Тухайн ажилтан “Luqing Petrochemical” компанийн үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж, түүхий нефтийг гялгар уут зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлд ашигладаг хөнгөн хуванцар болгон боловсруулах ажил хийдэг. Түүний хэлснээр том ачааны машинууд тэднийхээс ирж бүтээгдэхүүн авдаг байсан ч дайнаас хойш ирэх нь цөөрч, орлого нь буурчээ. Энэ байдлаараа бол түүний цалин сарын 5000 юаниас 4000 болж буурах магадлалтай байна.

“Luqing Petrochemical” компани 2700 гаруй ажилтантай. Тус компани Ираны тосыг их хэмжээгээр худалдан авсан хэмээн буруутгагдаж өнгөрсөн жил АНУ-ын хоригт орсон юм. Ажилтнуудын хэлэхээр, тус компани сүүлийн саруудад цалингаа бууруулах, шахаж дарамтлах замаар зориуд ажлаас нь гаргах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Дайн үргэлжилсээр байвал цаашид цомхотгол улам утгаа алдах вий гэж ажилчид айж байна.

Үндсэндээ Шаньдун дахь ажилчид эдийн засгийн цохилтыг хамгийн эхэлж мэдэрчээ. Үнэ үргэлжлэн өсвөл жижиг үйлдвэрүүд болон тэнд ажилладаг мянга мянган хүмүүс энэ дарамтыг даахгүй байж магадгүй юм. Гэхдээ Хятадын энгийн иргэдэд одоогоор төдийлөн хямрал мэдрэгдээгүй байна. Харин ч Хятадын засгийн газар төлөвлөгөөт үнийн өсөлтийг 50 хувиар бууруулах шийдвэрийг гаргаад байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн