The MongolZ багийн бүрэлдэхүүн ба тоглолтын хэв маягийн өөрчлөлт

Энэ улиралд The MongolZ баг Counter-Strike 2-ийн гурван томоохон тэмцээнд оролцоод байна. Тэгвэл өнгөрсөн жилтэй харьцуулахад багийн тоглолтын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн, ямар стратеги давамгайлж байгаа, энэ улиралд ямар амжилт хүлээж болохыг авч үзье.

Өнгөрсөн оны аравдугаар сард багийн гол тоглогч М.Азбаяр буюу ‘Senzu’ гэнэт багийг орхисон билээ. Үүний улмаас The MongolZ улирлын төгсгөл, тэр дундаа чухал StarLadder Budapest Major 2025 тэмцээнийг түр орлон тоглогчтой дуусгах шаардлагатай болсон. Тэд The Huns Esports-ийн тоглогч Б.Өнөдэлгэр буюу ‘controlez’ -ийг түр орлон тоглуулав.

Улирлын завсарлагааны үеэр баг шинэ тоглогчоо олсон нь У.Анарбилэг буюу ‘cobrazera’ байв. Түүний ирэлт багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт авчирч, тоглогчдын үүрэг ролийг дахин хуваарилахад хүргэсэн нь гүйцэтгэлд нөлөөлсөн юм.

Intel Extreme Masters Krakow 2026

Шинэ тоглогчийн анхны тэмцээн амжилтгүй болж, баг эхний хоёр тоглолтоо хожигдон плей-оффт шалгарч чадалгүй 13–16-р байрт орсон.

Эхний тоглолтод G2 Esports-той таарсан. Өмнөх зургаан тоглолтоос тавд нь Монголын баг ялж байсан ч энэ удаа Dust2 дээр бүрэн нурж, хамгаалалт (CT) талдаа 2:10, довтолгоо (T) талдаа 0:3-аар хожигджээ.

Хоёр дахь Ancient мап дээр 11:7-оор тэргүүлж байсан ч дараалан зургаан раунд алдаж, 13:11-ээр хожигдсон. Энэ нь тэдний хамгийн сайн мап (67%-ийн ялалтын хувь)-д тооцогддог гэдгийг бодолцвол онцгой анхаарал татсан.

FURIA-гийн эсрэг тоглолтод илүү сайн тоглож, Mirage дээр 13:11-ээр ялсан ч Inferno дээр 16:12-оор хожигджээ. Хоёр дахь мап дээр 12:9-өөр тэргүүлж байсан ч ялалтын нэг раунд дутуу байхад дахин гацсан нь том боломжийг алдсан явдал болсон.

PGL Cluj-Napoca 2026

Клуж-Напокад The MongolZ өмнөх бүтэлгүйтлээ бүрэн нөхөж чадсан. Хэсгийн шатанд paiN Gaming, B8, Natus Vincere багуудыг тус бүр 2:1-ээр хожиж, зөвхөн “аймшигтай өрсөлдөгч” Team Vitality-д ялагдсан.

Плей-оффт FURIA-д хариугаа авч (2:1) ялсан ч хагас шигшээд дахин Team Vitality-д 0:2-оор ялагдсан.

Багийн AWP тоглогч 910 тэмцээний шилдгүүдийн нэгээр нэрлэгдэж EVP шагнал хүртсэн. Тэрбээр, B8-ийн эсрэг 38 kill, FURIA-гийн эсрэг Mirage дээр 2.0 rating, MOUZ-той тоглолтод өндөр гүйцэтгэл үзүүлсэн.

Энэхүү тэмцээн The MongolZ дэлхийн топ багуудтай эн тэнцүү өрсөлдөх чадвартайг харуулсан. Дасгалжуулагч Б. Эрдэнэдалай буюу ‘maaRaa’ эсрэг стратеги бэлтгэлд сайн ажилласан бол cobrazera шинэ үүрэгтээ бүрэн дасан зохицсон.

ESL Pro League Season 23

Онлайн шатанд баг paiN Gaming, Aurora, 3DMAX-ийг ялж амжилттай давсан. Гэвч плей-оффын эхний тоглолтод Natus Vincere-д ялагдсан. Ancient дээр эхний хагаст 7:5-аар тэргүүлсэн ч 11:13-аар хожигдсон бол Mirage дээр олон алдаа гаргаж, 13:4-өөр хожигдсон билээ.

Энэ тэмцээнд дасгалжуулагч maaRaa оролцоогүй нь сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Туршлагатай дасгалжуулагчийн тактикийн завсарлага багт хэрэгтэй байсан нь илт байв.

2026 онд The MongolZ илүү төлөвшсөн тоглолт үзүүлж байна. Тэд топ багуудын эсрэг сайн стратеги боловсруулж, Natus Vincere, FURIA, Aurora зэрэг багуудыг ялсан нь үүний баталгаа юм. Мөн BLAST Open Spring 2026-д MOUZ, Team Spirit-ийг ялсан.

Шинэ тоглогч cobrazera тэмцээн бүрт сайжирч, багт галын хүч нэмэж байгаа бол 910 багийн шилдэг тоглогч болохоор зорьж байна.

Гэсэн ч багийн сул талууд болох сэтгэлзүй, буудалтын оновч, trade болон clutch нөхцөлүүд дээрээ сайжирмаар байна. Тэд тоглолтоо ойлгож байгаа ч шийдвэрлэх мөчид алдаа гаргаж, ялалтыг алдаж байна. Түрэмгий тоглолтоо илүү сахилга бат, нарийвчлалтай хослуулж чадвал ойрын хугацаанд аваргын цом хүртэх бүрэн боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн