Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт тээвэр, худалдааны дэд бүтцийг өргөжүүлэхэд ОХУ хэдэн зуун сая ам.доллар зарцуулж байна. Олон саяын өртөгтэй төслүүд нь бүс нутгийг Оростой салшгүй холбож, Украин болон түүний холбоотнуудын газар нутгаа эргүүлж авна гэсэн шаардлагыг сулруулж байна.
Кремль эдгээр эзлэгдсэн бүс нутгийг Новороссия буюу Шинэ Орос гэж нэрлэжээ. Тэнд яг одоо бүтээн байгуулалт, үйл ажиллагаа ид өрнөж байна.
Москва Украины баруун хэсэгт сүйрлийн дайнаа үргэлжлүүлсээр байгаа ч зүүн болон өмнөд хэсэгт дэд бүтцийн түрэмгий хөгжүүлэлтэд хэдэн зуун сая ам.доллар цутгаж буйг “Reuters”-ийн судалгаа харуулжээ. Украины бүс нутагт зарцуулж буй мөнгөн дүн нь Оросын бусад хэсэгт олгож буйгаас хамаагүй их аж. Москва дайныг зогсоох АНУ-ын дэмжлэгтэй хэлэлцээний төвд байгаа Донбассын бүсийг Оростой уялдуулах гэсэн урт хугацааны зорилгоо үүгээр хэрэгжүүлж байна. Үүнийг өвөг дээдсээс уламжилсан түүхэн газар нутгаа сэргээх нийгэм, эдийн засгийн томоохон хөтөлбөр гэж Владимир Путин хэлжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ-ын салшгүй хэсэг, Үндсэн хуульд тусгагдсан Оросын субьектүүд гэжээ.
“Reuters” энэхүү судалгаагаа хийхдээ хиймэл дагуулын олон мянган зураг, тендерийн албан ёсны баримт бичгүүд, олон нийтэд хийсэн албаныхны мэдэгдлүүд, экспорт ба тээврийн мэдээлэл, Украины албан тушаалтнууд болон эзлэгдсэн бүс нутгийн оршин суугчидтай хийсэн ярилцлагуудад үндэслэсэн юм.
Эзлэгдсэн нутаг дэвсгэрт хийж буй Оросын дэд бүтцийн өргөтгөлийн талаар асуухад Украины ерөнхийлөгч Зеленский Крымийг жишээ татжээ. Тэрбээр “Оросын хөрөнгө оруулалт гаднаа гяланцаг, дотроо паланцаг төдий. Орчин үеийн амгалан тайван бүс тэнд байхгүй. Бүх зүйл цэрэгжсэн байх болно” гэжээ.
Бүтээн байгуулалтын ажилд юун түрүүнд Новороссия төмөр зам багтана. Тус төмөр замын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд 525 км урттай байх юм. Маршрутын хувьд Донбассыг бүрдүүлдэг Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг хамарна.
Үүний зэрэгцээ 1400 км урт Новороссия хурдны зам нь эзлэгдсэн бүс нутгуудыг Оростой болон стратегийн ач холбогдол бүхий Крымтэй холбоно.
Дайны эхний жилүүдэд бараг ашиглагдаагүй байсан боомтууд ч хөл хөдөлгөөнд орж эхэлжээ. Тухайлбал, Мариуполийн боомт дээр хөлбөмбөгийн талбайн урттай тэнцэх шинэ байгууламж баригдсаныг өнгөрсөн оны наймдугаар сард хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Мөн сүүлийн саруудад боомтын хөдөлгөөн идэвхжсэнийг нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлсэн байна. Боомтод үр тариа, нүүрс ачсан хөлөг онгоцууд ирж, явж байгаа ч дайнаас өмнөх түвшинд хүрээгүй байгаа аж.
“Эдгээр дэд бүтцийн төслүүдийн цар хүрээ, урт хугацааны шинж чанар нь Кремль энхийн хэлэлцээрийн хүрээнд эдгээр нутаг дэвсгэрийг Украинд буцаах бодолгүйг харуулж байна” гэж Дайны судалгааны хүрээлэнгийн шинжээч Каролина Хирд хэлжээ. ОХУ эдгээр дэд бүтцийн төслөөс ашиг хүртэхийн зэрэгцээ Украиныг санхүүгийн хувьд улам өөртэйгөө уяж байгаа аж.
Зам, дэд бүтцийн сайжруулалтаас гадна ОХУ эзлэгдсэн бүс нутаг дахь олон арван үнэт хөрөнгийг худалдахаар зорьж буйг дуудлага худалдааны баримтаас тодорхой болгожээ. Үүнд уурхай, хөдөө аж ахуйн газрууд багтана. Нэгэн жишээ дурдвал, Украины хамгийн том алтны ордуудын нэгийг ашиглах эрхийг Оросын уул уурхайн компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард худалдан авсан байдаг.
ОХУ 2024-2026 онд эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг хөгжүүлэхэд ойролцоогоор 11.8 тэрбум ам.доллар төсөвлөснийг засгийн газрын нээлттэй мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс харж болно. Энэ нь ижил төстэй хөтөлбөрт хамрагдсан Оросын бусад 20 орчим бүсэд олгосон нийт санхүүжилтээс бараг гурав дахин их дүн юм.
Өмнө нь зөвхөн Крымийн гүүрнээс хамааралтай байсан учир оросууд одоо өөрсдөдөө илүү олон хувилбар бүтээж байна. Оросуудын хувьд хамгийн чухал зүйл бол дэд бүтэц. Тэр дундаа тээврийн дэд бүтэц.
ОХУ эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх төмөр замын сүлжээний барилга, засвар үйлчилгээнд 2023 оноос хойш ойролцоогоор 425 сая ам.доллар зарцуулсан байна. Гол төслийн нэг нь өмнөд Оросыг эзлэгдсэн нутгаар дамжуулан Крымтэй холбох үндсэн төмөр зам юм. Гэхдээ тус төслийн өртгийг тодорхой дурдаагүй байна.
Мөн Мариуполийн хойд хэсэгт байрлах Новоселивка, Колоски суурингуудын хооронд 60 км урт шинэ төмөр зам хэсэгчлэн тавигдаж байгааг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Энэ нь ОХУ фронтоос хол, Украины цохилтоос харьцангуй аюул багатай зайд шинэ төмөр зам барьж, сум зэвсэг болон цэргийн техникийг аюулгүй тээвэрлэх зорилготой байгаагийн илрэл юм.
ОХУ өмнө нь Крымд ч бас иймэрхүү дэд бүтцийн ажил хийж байсан. Гэхдээ энэ удаад үйл явц илүү хурдтай байгааг Украины ерөнхийлөгчийн Крымийг хариуцсан төлөөлөгч Ольга Курышко хэлэв. Нарийн хэлбэл, Крымд 10 жил хийсэнтэй дүйцэх ажлыг одоогийн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт хийжээ. Крымийг ОХУ-ын туршилтын талбар байсан гэдгийг Ольга Курышко хэлж байна.