Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхий дахинд шатахууны үнэ өссөн. Иймд ОХУ дотоодын эрэлтийг хангахын тулд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны экспортоо зогсоож магадгүй байна. Тодруулбал, Оросын шадар сайд Александр Новак ирэх сараас эхлэн шатахууны экспортыг хориглох хууль тогтоомжийн төслийг бэлтгэхийг Эрчим хүчний яаманд үүрэг болгосныг засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Новак Баасан гаригт /2026.03.27/ газрын тос үйлдвэрлэгчидтэй уулзахдаа “Ойрхи Дорнодын хямралаас үүдэлтэйгээр түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт дэлхийн зах зээлд тогтворгүйтсэн. Энэ нь үнийн хэлбэлзлийг үүсгээд байна. Оросын газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн эрэлт өндөр байгаатай холбоотойгоор энэхүү хэлбэлзэл үүсч байгаа” гэжээ.
“Bloomberg”-ийн мэдээлснээр ОХУ өдөрт дунджаар 100 мянган баррель шатахуун экспортолдог. Энэ нь дэлхий даяар арилжаалагдаж буй нийт шатахууны өчүүхэн бага хувь юм.
Гэсэн ч Ираны дайн даамжирсаар байгаа тул газрын тосны зах зээл улам хямарч байна. Персийн булангийн орнуудын эрчим хүчний экспортын гол усан зам болох Ормузын хоолойг өнгөрсөн сард хааснаас хойш дэлхий даяар нийлүүлэлт хязгаарлагдаад буй.
Үүний зэрэгцээ Украин улс Оросын газрын тосны дэд бүтэц, боловсруулах үйлдвэрүүд рүү халдсаар байгаа нь Кремлийн газрын тос үйлдвэрлэх, борлуулах чадавхийг алдагдуулж байна. Энэ сар гарсаар ОХУ-ын Роснефтийн харьяа Саратовын үйлдвэр болон Сургутнефтегазын харьяа Кириши үйлдвэр дроны цохилтоос болж үйл ажиллагаагаа зогсоогоод байна.