Испанийн нэгэн эмэгтэй Пүрэв гаригт (2026.03.26) эвтанази аргаар нас баржээ. Энэхүү арга нь өөрийн хүслээр амьдралаа эмнэлгийн аргаар дуусгахыг хэлэх бөгөөд тухайн эмэгтэйн аав нь эсэргүүцэж, шүүх шатны байгууллагад хандаад байсан юм. Тодруулбал, 25 настай Ноэлия Кастилло 2022 онд амиа хорлох гэж оролдсоныхоо улмаас саажилттай болсон. Каталонийн засгийн газар 2024 оны зун түүнд нас барах эрх олгосон байна.
Гэхдээ аав нь консерватив кампанит ажлын бүлэг болох Христийн хуульчид (Абогадос Кристианос)-ын дэмжлэгтэйгээр эсэргүүцсэний улмаас Кастиллогийн эвтанази түдгэлзүүлэгдсэн байжээ. Аавынх нь хэлснээр, охин нь бие хүний завсрын эмгэгтэй учир зөв шийдвэр гаргаж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн охиныхоо эвтаназийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа тайлбарлахдаа, “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай залуу хүний, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн амь насыг хамгаалах нь засаг, төрийн үүрэг хариуцлага” гэжээ. Улмаар засгийн газрын эрх олгосон шийдвэрийг аав нь давж заалдсан бөгөөд энэ нь 18 сарын турш үргэлжилсэн хууль ёсны тэмцлийг өдөөсөн юм.
Гэсэн хэдий ч Европын Хүний эрхийн шүүхээс Кастиллогийн талд шийдвэр гаргаснаар энэхүү маргаан дууссан.
Абогодос Кристианос Пүрэв гаригийн орой “X” цахим сүлжээгээр дамжуулан Кастилло эвтаназиар нас барсан гэж мэдэгдэв. Тус бүлэглэл түүний хэрэг Испанийн эвтанази хуулийн “ноцтой алдааг” тодотгож байна гэж мэдэгджээ. Кастилло нас барахаасаа өмнө Испанийн нэгэн телевизэд ярилцлага өгсөн байв. Тэрээр хэлэхдээ, нэр төртэйгөөр үхэх эрхийг нь аав нь хуулиар боох гэж оролдсон гэжээ. “Тэр хэзээ ч миний сонголтыг хүндэтгэж байгаагүй, цаашдаа ч тэгэхгүй” гэж Кастилло хэлсэн байв. Тэрээр мөн хүүхэд насны хүнд хэцүү дурсамжаа хуваалцаж, эцэг эхтэй хэдий ч багадаа асрамжийн газарт амьдардаг байсан талаараа дурссан байна. Мөн дөрвөн жилийн өмнө хуучин найз залуудаа хүчирхийлүүлсэн, дараа нь шөнийн клубт бүлэг эрчүүдэд хүчирхийлүүлсэн болохоо хэлсэн байна. Кастилло өөрт нь тохиолдсон бүх зүйлд гэр бүлээсээ ямар ч, тэр дундаа сэтгэлийн ч дэмжлэг авч байгаагүй бөгөөд үргэлж ганцаарддаг байсан тул эвтаназиар нас барах шийдвэртээ хэзээ ч эргэлзэж байгаагүй гэжээ.
Тэрээр ярилцлагын төгсгөлд “Гэр бүлийн минь хэн ч намайг дэмжиж, туслах гэж оролдож байгаагүй. Би явж, та нар энд шархалж үлдэх гэж байгаагаа л ярьж байна. Гэхдээ хэн ч миний өнгөрсөн хугацаанд туулсан зовлон, шаналлын талаар дурсахыг ч хүсээгүй. Би зүгээр л амар амгалан эндээс явж, өвдөлтийг зогсоомоор байна” гэж хэлжээ.
Мөн “Аав, ээж, ах, дүүгийн аз жаргал төрсөн охиных нь аз жаргалаас нэн тэргүүнд байх ёсгүй” гэж Кастилло нулимс дуслуулан хэлсэн байв. Тэрээр эцэг эх нь салах ёс хийхээр ирж болох ч эмч нар тусгай тариа хийх үед ганцаараа байхыг илүүд үзэж буйгаа сэтгүүлчдэд дамжуулсан байв. Түүний ээж Ёланда охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрөөгүй ч, хүндэтгэх шийдвэрт хүрсэн гэжээ. Испанийн эвтаназийн хууль 2021 онд хүчин төгөлдөр болсон. Засгийн газрын мэдээллээр 2024 онд эвтаназиар нас барах 426 хүсэлтийг шийдвэрлэсэн. Гэхдээ Кастиллогийн хэрэг нь шүүх шатны маргаан дагуулсан анхных нь байжээ.