Газар хөдлөхөөс айх бус урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөлөө

Иргэн бүр гэр, ажлын байран дахь хүнд эд зүйлсийг бэхлэх, бэлэн байдлын төлөвлөгөөтэй, яаралтай үед хэрэглэх үүргэвч бэлтгэж газар хөдлөхөөс айх биш урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Манай оронд газар хөдлөх нь харьцангуй цөөн ч хүч тэй газар хөдлөх эрсдэлтэй. Нийслэл орчимд Хустай, Авдар уул, Гүнж, Шархай, Эмээлт, Мөнгөнморьт зэрэг идэвхтэй 6 хагарал оршдог.

Зөвхөн Хустайн хагарал дээр 7 магнитудын хүчтэй газар хөдлөхөд орон сууцны барилгын 11 хувь нурж, 7000 гаруй хүн, гэр хорооллын 30 орчим хувь нурж, 38 мянга гаруй хүн амиа алдах эрсдэлтэй тооцоо гаргасныг ОБЕГ-аас мэдээлжээ.

Мөн олон улсын байгууллагын үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын газар хөдлөх үед барилга байгууламжийн 22-50 хувь нь эвдэрч, 30-60 мянган хүний амь эрсдэх магадлалтай гэж дүгнэсэн байдаг. Энэ эрсдэлийг багасгахаар ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлж, барилга байгууламжийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөц болон техникийн чадавхыг сайжруулах, үүний ач холбогдлыг ойлгуулах ажлыг амжилттай хийжээ.

Тухайлбал, газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын чанарыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, дүрэм, зааврыг шинэчлэн батлуулснаас гадна ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгыг хүчитгэж байна.

Мөн барилгыг хэрхэн хүчитгэх сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”, цутгамал төмөр бетон, том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын үнэлгээ, хүчитгэлийн дүрмийг шинэчлэн, ган бүтээцтэй барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг үнэлэх, хүчитгэх “БД 22‑107‑25” дүрмийг боловсруулж, батлуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн