Европын Холбоо-Австралийн чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ дуусжээ

Европын Холбоо /ЕХ/ болон Австрали улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээ амжилттай дууссан тухай өчигдөр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбаниз нар мэдэгдлээ.

2018 оноос хойш төслийг нь боловсруулж буй уг хэлэлцээр нь гаалийн татвар зэрэг худалдаанд учирч буй саадуудыг арилгах зорилготой юм. 

“Дүрэм журамд суурилсан нээлттэй худалдаа нь сайн үр дүнг авчирдаг” гэж Европын Комиссын тэргүүн хэлсэн бол “тохиролцоонд хүрсэн нь Австралийн хувьд чухал агшин” гэж Альбаниз тодорхойллоо. Одоо тус хэлэлцээрийг ЕХ-ны гишүүн орнууд болон Европын парламент, мөн Австралийн парламент соёрхон батлах бөгөөд үүний дараа талууд гарын үсэг зурах ёстой.

Хэлэлцээрийн дагуу ЕХ-ноос Австралид нийлүүлж буй барааны 99-ээс дээш хувьд ногдуулсан татварыг цуцлах юм. Ингэснээр Европын бизнес эрхлэгчид жилд 1 тэрбум орчим еврогийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Хариуд нь Австралиас Европт нийлүүлж буй чухал түүхий эдүүдэд ногдуулсан татварыг бууруулна.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар ирэх 10 жилийн хугацаанд Австралид нийлүүлж буй ЕХ-ны барааны хэмжээ 33 хувиар нэмэгдэнэ. Харин Австралийн тал эхний жилд 6 тэрбум евро буюу 10 тэрбум австрали долларын орлого олно гэж тооцоолжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн