ОХУ алсын тусгалтай довтолгооны дроны дөрвөн хяналтын төвөө Беларусьт байршуулахаар төлөвлөж буйг Зеленский Даваа гаригт /2026.03.23/ мэдэгдлээ. Беларусь улс сүүлийн үед Орос, Украины дайнд оролцох нь ихэссэнийг Зеленский хэд хэдэн удаа анхааруулсан. Тэрбээр “ОХУ-ын арми Беларусийн газар нутгийг үргэлжлүүлэн ашиглах санаатай байгааг бид тагнуулын мэдээллээс тодорхой болголоо. Мөн Украины түр эзлэгдсэн байгаа нутаг дэвсгэрийг алсын тусгалтай дроны газрын хяналтын төв болгож ашиглах санаатай байгааг мэдсэн” гэжээ.
Үүний зэрэгцээ ОХУ өнгөрсөн долоо хоногт 8000 гаруй цэргээ алдсаныг Зеленский сүүлийн мэдэгдэлдээ дурдлаа. Тэрбээр “Оросууд цаг агаарын таатай нөхцлийг ашиглан довтолгоогоо эрчимжүүлж байгааг бид ажигласан. Гэсэн ч цорын ганц бодит үр дүн нь Оросын армийн алдагдал нэмэгдсэн явдал байлаа. Тэд долоо хоногт 8000 гаруй хүнээр хохироод байна” гэжээ.
Цаашилбал, Ираны дайн удаан үргэлжилбэл Орост ашигтай гэдгийг тэр сануулав. Учир нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн үргэлжилсээр байвал АНУ-аас нийлүүлдэг “Patriot” пуужингийн систем хомсдох юм. АНУ сард 60-65 “Patriot” систем үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, жилд 600-700-г үйлдвэрлэдэг гэсэн үг. Гэтэл Ираны дайны ердөө эхний өдөр л гэхэд 103 пуужингийн систем ашигласныг Зеленский онцолжээ.
ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсоор байгаа тул Украинд хомсдол нүүрлэсэн. Тиймээс Украин улс Мозамбекээс шингэрүүлсэн байгалийн хий импортлохоор арга зам хайж байна. Дайнаас өмнө Украи байгалийн хийн хэрэгцээгээ бүрэн дотоодоос хангадаг байв. Гэвч Оросын цохилтуудаас болоод байгалийн хийн олборлолтынхоо тал орчим хувийг алдаад байна. Хэрвээ Мозамбекээс байгалийн хий авбал хариуд нь Украин дотоодын аюулгүй байдлыг нь хүчирхэгжүүлж, хүн амыг нь терроризмаас хамгаалах технологиор туслах ажээ.