Сиричүүдийн сонголт хийх эрх чөлөөг боомилсон хориг

Screenshot

Сирийн нийслэл Дамаск хотын ихэнх хэсэгт энэ долоо хоногоос эхлэн архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Хоригийн улмаас хэдэн 10 жил үйл ажиллагаа эрхэлсэн баар, ресторануудын үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Иргэд зөвхөн христийн шашинтнууд зонхилсон цөөн хэдэн хорооллоос л архи, согтууруулах ундааг битүү шилэн саванд савлуулж авах боломжтой.

Гэхдээ энэ хориг нь Ойрхи Дорнодод тийм шинэ содон зүйл биш. Учир нь исламын шашинд согтууруулах ундаа хориотой байдаг. Харин христийн шашинд тийм зүйл үгүй.

Дамаск хотын хувьд согтууруулах ундааг эртнээс нааш тодорхой дүрэм журмын дагуу худалдаалсаар иржээ. Гэхдээ энэ дүрэм журмыг ягштал мөрддөг байсан уу гэвэл үгүй. Учир нь 2024 оны сүүл үеэс өмнөх цаг хугацаанд Ассадын гэр бүл үндсэрхэг үзэл болон шашныг үгүйсгэх үзлийг бүхнээс дээгүүр тавьдаг байв. Үүнээс үзвэл шинэ хориг иргэдийн дунд маргаан үүсгэж буй нь дамжиггүй.

Дамаск хотын оршин суугч Анжела Алсахви “Энэ мэдээ гайхмаар бас бухимдал төрүүлэм байсан. Дамаск хот хэзээнээсээ л хүн бүрт нээлттэй байсан. Олон янз байдал бол энэ хотын мөн чанар. Энэ шийдвэр нь хотын нээлттэй байдлыг алдагдуулж буй мэт санагдаж байна. Асуудлын мөн чанар нь зүгээр нэг архи гэдэгтээ биш, сонголт хийх эрх чөлөөндөө байгаа юм” гэжээ.

Хоригийг эсэргүүцэх өөр олон үндэслэл бий. Нэгдүгээрт, Сирийн эдийн засаг яг одоо гамшигийн түвшинд хүрээд буй тул баар, ресторануудыг хаах нь олон зуун ажлын байрыг үгүй хийх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ аялал жуулчлалд ч сөргөөр нөлөөлнө. Согтууруулах ундааны хориг гадаадын жуулчдыг гонсойлгоно гэж шүүмжлэгчид үзжээ.

Нөгөөтэйгүүр, согтууруулах ундааны хориг хэрэгжиж буй байршил нь анхаарал татаж байна. Энэ шийдвэрийг гаргаж, гарын үсэг зурсан хүмүүс Сирийн нийгмийн бүтцийг огт ойлгодоггүй бололтой гэж шүүмжлэгчид үзэж байна.” Шашны ялгаатай байдлаар хориг тогтоосноороо зарим иргэнийг гутаан доромжилж байна” гэж ардчиллын төлөө тэмцэгч Роба Ханна хэлжээ. Согтууруулах ундаа зарахыг зөвшөөрсөн христийн шашинтнуудын хорооллыг архидан согтуурдаг газар мэт үзсэн, гэтэл энэ газрууд нь Дамаскийн зүрх юм гэдгийг тэд хэлж байна.

Дамаскийн эрх баригчид өөрсдийн шийдвэрээ хамгаалж, зайлшгүй хэмээн мэдэгджээ. Эрх баригчдаас гадна энгийн иргэд дунд ч хоригийг дэмжсэн хүн олон бий. Исламын шашинтнууд зонхилсон улсад гудамжинд архи зарах нь тохиромжгүй. Энэ шийдвэр бидний үр хүүхдийг болон тэдний ирээдүйг хамгаална гэж тэд үзэж байна.

Мөн согтууруулах ундааны хориг нь барууны нөлөөллөөс хамгаалахад туслах арга гэж үзэх хүмүүс ч бий.

Дээрх маргаан мэтгэлцээнүүд нь яг үнэндээ эрх баригчид бодит байдлаас хэр тасарсан явааг харуулж байж мэдэх юм. Дайны дараах хүнд хэцүүг туулж яваа улсад архины хоригийн талаар маргалдах нь чухамдаа хэр утга учиртай вэ? Үнэт эдлэлийн худалдаачин Махмуд аль-Хатаб энэ талаар ярихдаа “Өмнөх дэглэмийн үед цэцэглэн хөгжиж байсан анги л үүнд санаа зовж байгаа. Дайны аймшгийг туулсан хүмүүс тэдэнд хамаагүй. Тэд гэр бүлээ хэрхэн тэжээх вэ гэдэгтээ л санаа зовж байгаа” гэжээ.

Архины хориг нь цаагуураа өөр олон асуудлыг нууж буйг шинжээчид хэлж байна. Энэ хориг нь засаглал, нийгмийн үнэт зүйлс, шашны болон шашны бус үзэл суртлын тэнцвэрт байдал зэрэг илүү гүн гүнзгий утга агуулгатай. Үндсэндээ олон нийтийн ёс суртахуун гэсэн малгай дор халхавчилсан дахин нэг хориг Сирид нэмэгдлээ гэсэн үг.

Сирийн засгийн газар өнгөрсөн оны зун иргэдийг эр, эмээс үл хамааран далайн эрэг, усан санд даруухан хувцаслах ёстой гэсэн зөвлөмж гаргасан. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Сирийн баруун өмнөд хэсгийн Вади Барада хотын ресторанууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамтдаа сууж хооллохыг хориглосон дүрэм гаргажээ. Мөн сард Аль-Тал хотод эрчүүдийг эмэгтэй хувцас зардаг дэлгүүрүүдэд ажиллахыг хориглосон байна. Улмаар өнгөрсөн сард Латакиа мужийн удирдлагууд эмэгтэй төрийн албан хаагчдыг ажил дээрээ нүүрээ будахыг хориглосноор олон улсын анхаарлыг татсан юм.

Энэ бүх хориг нь нийтийн ёс суртахууныг сахих гэсэн үндсэн зорилготой. Гэвч эдгээр нь төр засаг иргэн хүний хувийн амьдралд хэт оролцож эхэлснийг илтгэх түгшүүртэй өөрчлөлтүүд юм. Үндэсний засгийн газар хувь хүний эрх чөлөөг хүндэтгэнэ гэж амласан ч гэлээ маргаантай шийдвэрүүдийг гаргасаар байна.

Сирийн түр засгийн газрын ихэнх гишүүн, тэр дундаа удирдагч Ахмед аль-Шараа өмнө нь Идлиб мужид эрх мэдэлтэй байсан. Ассадын дэглэм нуран унаснаас хойш тус мужийг босогчдын бүлэг Хаят Тахрир аль-Шам хянаж байв. Босогчдын бүлэг Идлиб дэх бодлогоо харьцангуй зөөлрүүлэх болсон ч он удаан жилийн консерватив үзлийн ул суурь тэнд бугшжээ.

Өнөөдөр нийслэлд согтууруулах ундааны хориг тавьсан нь цаашлаад Сири даяар хэрэгжүүлэх өөр олон хоригийн эхлэл байх магадлалтай гэж олон нийт санаа зовж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн