2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг бүс нутаг, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймгийн Засаг дарга нарт Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон байна. Түүнчлэн Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлагаар шуурхай зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад даалгав.
Хаврын тариалалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 4-нд эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалсан байна. Мөн хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэснийг албаныхан онцоллоо. Ингэснээр хаврын тариалалтын ажлыг технологит хугацаанд буюу 17-24 хоногийн дотор бүрэн гүйцэтгэсэн байна. Энэ жилийн хувьд 270.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалтыг хийжээ. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийхэд 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ. “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжил” аяны хүрээнд хийж буй ажлуудаас тоймлон хүргэе.
-Тариалангийн ажлыг технологит хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгов.
-Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2026 оны 176 дугаар тогтоолоор Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт нийт тариалангийн эргэлтийн талбайг 11.8 мянган га-гаар нэмлээ.
-Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Улсын төсвийн 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1400 га талбайг услах хүчин чадал бүхий 2 услалтын систем Ховд, Увc аймагт ашиглалтад бүрэн оруулахаар, мөн 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дарви сумын Харгана түрүү, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бумбатын амны услалтын системийн барилгын ажлыг эхлүүллээ.
-Тариалангийн бүс нутгуудад цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэхэд шаардагдах пуужингийн нөөц бүрдүүлэх зорилгоор 250 ширхэг пуужин худалдан авах тендерийг зохион байгуулж байна.
-Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр 2 төрлийн нийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдлээ.
-Малын гаралтай яс, ноос, нүүрсийг ашиглан дотооддоо үйлдвэрлэсэн бордоог эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ургац, хөрсний үржил шимд нөлөөлөх байдлын туршилт, судалгааны ажил хийж байна. Туршилтын үр дүнд тулгуурлан үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын бордоо үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн шат дараалсан ажил хийнэ.
-“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд мал аж ахуйн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж Улсын төсвийн 986.0 сая төгрөгийн санхүүжилтээр 3 төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үрийг олгосоноор таримал тэжээлийн тариалалт 2300 га-гаар нэмэгдэж байна.