Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан байдаг.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу 2026 оны III улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1469, орон нутагт 1266, улсын хэмжээнд нийт 2735 иргэн бүртгүүлжээ. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулах бөгөөд өдөрт дөрвөн ээлжээр явуулах аж. Нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилсан байна.
2026 оны I улиралд Улаанбаатар хотод 1532 иргэн бүртгүүлснээс 68.5 хувь нь шалгалтад оролцож, 365 иргэн тэнцсэн байна. Харин II улиралд 1152 иргэн бүртгүүлснээс 917 иргэн шалгалт өгснөөс 326 нь тэнцжээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Шалгалтын агуулга, зохион байгуулалтын арга хэлбэрийг үе шаттайгаар боловсронгуй болгосноор иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломж бүрджээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлснээр хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөллийг бууруулж, шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах нөхцөл бүрдсэн байна.