Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуулийн төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа. Орон нутгийн төсвийн өмнөх оны үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна. Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” хэмээлээ.
Харин УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “2026 оны улсын төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл бий болсон гэж Засгийн газар өргөн мэдүүлж байна. Зохих хууль, журмын дагуу хэлэлцээд явна” гэсэн юм.
2026 онд төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ажлаа Засгийн газар үргэлжлүүлэх бөгөөд 2026 онд хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоосон байна. Ингэснээр гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6, багцад нь хуваарилсан ч гэрээгүй 103.3, худалдан авах ажиллагааны 29.4 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Мөн шүүхийн маргаантай дөрвөн төслийн 21.2 тэрбумын санхүүжилтийг зогсоохоос гадна төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн төсөвт өгөх ноогдол ашгийг 1.6 их наядад хүргэхийг Ерөнхий сайд онцоллоо. Төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, үр өгөөжийг нь өсгөж нэмэх, үржүүлж арвижуулахаар хувьцааных нь 20 хувийг төвлөрүүлэх юм байна. Түлш шатахууны хомсдол тасалдлыг сөрж Засгийн газар 327 дугаар тогтоолоор бензин, керосин, газрын тос үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүнийг ирэх оны хоёрдугаар сарын 5-ныг хүртэл гаалийн албан татварыг нь тэглэсэн. ОХУ болон БНХАУ, БНСУ-тай идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, тусгай хэлцэл хийж, түлш шатахууны нөөц савтай болох олон жилийн яриаг дуусгажээ. Хоёр жилийн туршид 20 хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт дахин сэргээж, Ерөнхий сайдын шууд хяналтад авч, 60 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн тоног төхөөрөмжүүдээ угсарчээ.
