Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өнөөдрийн ээлжит шуурхай хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самар ургасан судалгааны мэдээг үндэслэн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо.
Энэ талаар БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням “Баавгай, хэрэм, жирхний гол хоол, хүнс болдог. Энэ жил самрын нөөц маш бага байгаа. Самрыг ахуйн болон үйлдвэрийн зорилгоор түүж, бэлтгэхийг хориглосон. Иргэд аль хэдийнэ ууланд гарчихсан самар түүж байна. Иргэд, аж ахуй нэгж хуш модны самар түүж, тээвэрлэж, боловсруулах нь гэмт хэргийн шинжтэй шүү. Үүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. 5-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай байдаг. Үүнийг мэдэхгүй шийтгүүлэх тохиолдол гардаг. Тарвага, самар бол иргэдийн аж ахуй амьдралд ойрхон. Энэ жил Богд ууланд самар, жимсний нөөц маш бага байгаа. Сүүлийн өдрүүдэд уул, хаданд алхах иргэдийн тоо нэмэгдсэн. Зэрлэг амьтанд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Үүнд анхаараарай” гэв.
Журмынхаа дагуу хуш модны самрыг тухайн жилийн нийт гарцаас 40 хувийг нь үр үлдээх, зэрлэг амьтдын идэш тэжээл болгох зорилгоор үлдээдэг. 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээгээр энэ жил нэлээд багассан буюу 40 хувиас бага гарцтай байгаа аж. Иргэд самар, жимс түүхдээ машин тоног төхөөрөмжтэй явж буй учраас ойн бүс нутгаас дайжих үзэгдэл үүсжээ. Тиймээс байгаа самраа зэрлэг амьтдадаа үлдээж, ууланд самар түүхээр гарсан хүмүүсийг яаралтай буухыг Ойн газрын дарга Б.Оюунсанаа анхааруулав.
