САН-ФРАНЦИСКО, 2026 оны зургаадугаар сарын 3 /TASS/. Бразилын алдарт хөлбөмбөгчин Пеле 1958 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шигшээ тоглолтод өмсөж байсан өмсгөлийг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулах гэж байгаа тухай “The Athletic” цахим хуудсанд мэдээлжээ.
Шведэд зохион байгуулсан 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Бразилын шигшээ баг талбайн эздийг 5:2 харьцаатайгаар хожиж, түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн билээ. Тухайн үед Пеле 17 настай байсан бөгөөд шийдвэрлэх тоглолтод хоёр гоол оруулсан юм.
“The Athletic” цахим хуудсанд мэдээлснээр, Пелегийн өмсгөлийн үнэлгээ 6 сая ам.доллароос давжээ. Дуудлага худалдаа зургаадугаар сарын 29-нд эхэлж, долоодугаар сарын 16-нд дуусна. Өмнө нь 2022 онд Диего Марадона 1986 оны ДАШТ-д Английн шигшээ багийн хаалганд хоёр гоол оруулахдаа өмсөж байсан өмсгөл 9.28 сая ам.доллароор зарагдаж, хөлбөмбөгчний өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэ хүрч, зарагдсан рекордыг тогтоож байв.
Пеле 2022 оны 12 дугаар сарын 29-нд 82 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1958, 1962, 1970 онуудад гурван удаа дэлхийн аварга болж байв. Мөн “Сантос” клубийн тоглогчийн хувиар Бразилын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа, Либертадоресын цом болон Тив хоорондын цомын тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлсэн байна. Тэрбээр 1279 гоол оруулсан амжилтаар Гиннесийн амжилтын номд бичигдсэн юм.
Пеле спортын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувилбараар “XX зууны шилдэг хөлбөмбөгчин”-өөр хэдэнтээ тодорч, зууны бэлгэдлийн шигшээ багуудад байнга нэрлэгддэг байв. 1999 онд Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) XX зууны шилдэг тоглогчийг тодруулах зорилгоор спортын байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчид болон дасгалжуулагчдын дунд явуулсан санал асуулгаар Пеле нэгдүгээр байрт шалгарч байлаа. Харин интернэтээр хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгад Марадона тэргүүлсэн тул ФИФА-гаас “Зууны шилдэг тоглогч” шагналыг хоёр хөлбөмбөгчинд хувааж олгох шийдвэр гаргаж байв.
1999 онд “Time” сэтгүүл түүнийг XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулж байсан юм. Мөн 1999 онд Олон улсын олимпын хороо (ОУОХ) Пелег Олимпын наадамд нэг ч удаа оролцож байгаагүй хэдий ч “Зууны шилдэг тамирчин”-аар тодруулж байв
Тэрбээр Латин Америкийн нутаг дэвсгэрээр Олимпын бамбарыг буухиалсан анхны хүн болсон юм. Энэ үйл явдал 2004 оны Афины Олимпын наадмын өмнө болсон бөгөөд “Хөл бөмбөгийн хаан” Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгээс буухиаг анхлан эхлүүлж байсан түүхтэй.