Өмнөд Суданд хүнсний ноцтой хямрал нүүрлэж байна

НҮБ-ын шинэ тайланд дурдсанаар, Өмнөд Суданы ойролцоогоор 7.8 сая хүн буюу нийт хүн амын 56 хувь нь ойрын саруудад хүчтэй өлсгөлөнд өртөх эрсдэлтэй байна. Улмаар Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр болон “UNICEF” олон улсын удирдагч нарт яаралтай арга хэмжээ авахыг уриалж, нөхцөл байдлыг “буцаах боломжгүй гамшиг” болж магадгүй гэж анхааруулжээ.

Хүүхдүүд хамгийн их хохирол амсч байна. Тодруулбал, зургаан сараас таван нас хүртэлх 2.2 сая хүүхэд тэжээлийн дутагдалд орсон бөгөөд тэдний 700 мянга нь амь насаа алдах өндөр эрсдэлтэй байгаа аж. Өмнөд Суданд эмчилгээ, хоол тэжээлийн үйлчилгээ дайн тулааны улмаас зогссон эсвэл тасалдсан байна. Мөн эм, хүнсний хомсдол, санхүүжилт дутагдаж байгаа нь байдлыг улам дордуулж байна. Энэхүү хямралын шалтгаан нь дотоод зөрчил, угсаатны тэмцэл, уур амьсгалын өөрчлөлт болон хөрш Суданы тэмцэл даамжирсантай холбоотой.

Сүүлийн үед нөхцөл байдал улам хурцдаж, тус улс дахин иргэний дайнд орж болзошгүй гэсэн айдас нэмэгдсэн. 2018 оны энхийн гэрээ өмнөх дайныг зогсоосон ч одоо дахин мөргөлдөөн ширүүсэж байна. Зөрчлийн гол шалтгаан нь Өмнөд Суданы ерөнхийлөгч Сальва Кийр Маярдит болон түүний өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч асан Риек Мачар нарын удаан хугацааны зөрчил юм. Мачар одоогоор шүүхэд шалгагдаж байгаа ч буруугүй гэж мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн