Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гарах үндэсний санаачилга өрнүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” танилцуулсныг шийдвэрлэв.

ГБХНХЯ АХБ хамтран бага орлоготой иргэдийг дэмжих “Төгсөлтийн аргачлал” төслийг 1259 өрхөд хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан энэ онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Үүнд ядуурлын түвшингээс бага орлоготой 5000 өрхийг хамруулж, ажилгүйдлийг багасгах, амьжиргааг дэмжих юм.

Улсын хэмжээнд ядуурлын түвшин буурахгүй, ялангуяа хөдөө орон нутагт хамрах хүрээ их байгаа тул засаг захиргааны нэгж, удирдлагын оролцоог ханган дараах зарчмаар ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, Ерөнхий сайд аймаг, дүүргийн Засаг даргатай, аймаг, дүүргийн Засаг дарга сум, хорооны Засаг даргатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг үнэлж дүгнэн, орон нутгийн удирдлага нь амьжиргаа бага өрхийн тоон мэдээлэлд тулгуурлан өрхийг сонгож хамтарч ажиллана.

Газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор газар олгох, малжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад нь бүх талаар дэмжиж, ядуурлыг багасгах сайн туршлагыг дэлгэрүүлж, аж ахуйн нэгж, ТББ-ыг уриалахаас гадна Засаг дарга нарын ажлыг хянаж, тайланг дүгнэн, урамшуулах, хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.

Үндэсний санаачилгын үр дүнг ажлын байртай болсон хүн, жижиг зээлд хамрагдсан өрх, шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн тоо зэрэг үзүүлэлтээр хэмжиж, амжилттай хэрэгжүүлсэн аймаг, дүүрэг, сум, хороо, дэмжиж ажилласан байгууллагыг оны эцэст Засгийн газраас шагнаж урамшуулах ажээ. Үндэсний санаачилгын хэрэгжилтийг ЗГХЭГ нэгдсэн удирдлагаар, ГБХНХЯ мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах юм.

Монгол Улсын ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь болж, 913.7 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байв. Хөдөө орон нутгийн хүн амын 35.5, хот суурин газарт 23 хувь нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байна. Энэ нь тэдний мэдлэг боловсрол, ур чадвар, хөдөлмөрийн хандлага, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж муу зэргээс үүдэлтэй байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч бөгөөд нийт ажиллагчдын тоо 1.4 сая байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн