Арвайхээр, 2026 оны зургаадугаар сарын 23 //. Төвийн болон баруун бүсийн аймгуудыг өндөр илчлэгтэй, чанартай эрчим хүчний нүүрсээр тогтмол хангадаг Баянтээгийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хугацаанд нь сунгаагүй гэх шүүмжлэл цахим сүлжээнд багагүй өрнөсөн.
Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, Ашигт малтмал, газрын тосны газраас энэ сарын 17-ны өдөр тус уурхайн тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай буюу 2046 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл сунгажээ.
Баянтээг нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос 560 км, аймгийн төвөөс 130 км зайд Нарийнтээл суманд байрлан 581.7 гектар талбайд 6200-7000 ккал/кг илчлэг бүхий чанарын өндөр үзүүлэлттэй нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг.
Анх 1962 онд байгуулагдахдаа 29.6 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй байсан бол 2022-2023 онд аймгаас нэмэлт хайгуул хийлгэж, 292 метр зузаан нүүрсний цооног илрүүлэн 105.9 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон юм.
Энэ нь аймгийнхаа төдийгүй улс орныхоо хөгжлийн тулгуур болохуйц үнэ цэнийг бий болгосон гэдгийг удирдлагууд хэлж байна. Одоогоор тус уурхай 18 аймагт нүүрсээ борлуулж байгаа бөгөөд техник технологио шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа аж.