Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Монголчуудын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гаднын жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа, сээр цохих зэрэг тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Түүнчлэн нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад үзэсгэлэн дэлгэх юм. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болно” гэлээ.
Харин Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам Э.Баяр “Гандантэгчэнлин хийд 12 дахь жилдээ нийслэлтэй хамтран энэхүү наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ бол зөвхөн шашин, соёлын зан үйл төдий бус Монголын уламжлалыг хадгалсан цогц үйл ажиллагаа юм. Гандантэгчэнлин хийдээс 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан бэлтгэл хангаад дууслаа. Иргэд, сүсэгтэн олон, жуулчдыг өргөнөөр оролцохыг хүсэж байна” хэмээн ярилаа.
Тэгвэл нийслэлийн БТСГ-ын ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан “Даншиг наадамд хүчит 256 бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааг зохион байгуулна. Бөхчүүдийн бүртгэл энэ сарын 26-нд дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар 160 бөх бүртгүүлсэн. Өмнө нь үндэсний бөхийн барилдаанд даншгийн цолыг бэлгэдэл болгон олгодог байсныг өнгөрсөн жилээс зогсоосон. Энэ жил МҮБХ-ын дүрмээр зохион байгуулж, төрийн наадмын цолоор эрэмбэлнэ. Түрүүлсэн бөх 30 сая төгрөгийн шагналтай. Харин сур харваанд 120 орчим харваач бүртгүүлсэн. Бай шагналыг нэмсэн. Шагай харваанд 40 багийн 500 харваач оролцоно гэж тооцон бэлтгэл хангаж байна” гэв.
Орон нутагт малын гоц халдарт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ жил хурдан морины уралдаан болон морьт харвааг зохион байгуулахгүй байхаар болсон байна. Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд хаалтын үйл ажиллагааг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар төлөвлөжээ.
Даншиг наадмын хамгийн онцгой, сүр жавхлант хэсэг нь Бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэлийн ухаанд хамаарах Хүрээ цам юм. Цам харайн бүжих үеэр Очирваань бурхны догшин дүр, уран хошин цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, хөх өвгөн зэрэг олон бэлгэдэлт дүрүүд амилж, 120 гаруй цамчин хамгийн том, нарийн хийцтэй баг өмсгөл, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён оролцдог. Цамын хөдөлгөөн бүр гүн гүнзгий бэлгэдэл, дотоод утга агуулгатай. Гар, хөл, биеийн нарийн дэг жаягтай хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгал, нигүүлсэл, мэргэн ухааныг илэрхийлж, хүн төрөлхтний мунхаг, нисванис, хорлол хөнөөл, ад зэтгэрийг догшин сахиусны хүчээр даран сөнөөж буйг уран яруу хэлбэрээр үзүүлдэг ажээ.