Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 39 дэх удаагийн “Номын баяр”-т оролцож байна

, 2026 оны тавдугаар сарын 16Жил бүрийн хавар намарт үндэсний бичиг соёлын сэхээтнүүд, хэвлэн нийтлэгчид, номын хорхойтнуудыг нэг дор цуглуулдаг “Номын баяр” хоёр өдрөө төв талбайд үргэлжилж байна.

Тус номын баярт Үндэсний мэдээллийн агентлаг хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр ажиллахын зэрэгцээ өөрийн тусгай асарт уншигчдыг угтан авдаг уламжлалтай. Энэ жилийн баярын асартаа тус агентлаг долоо хоног тутам эрхлэн гаргадаг англи, орос, хятад, япон, үндэсний монгол бичгийн сонин болон улирал тутам хэвлэгдэн гаргадаг “Mongolia Today” сэтгүүлийн шинэхэн дугааруудыг дэлгээд байна.

Үүний зэрэгцээ агентлагийн үе үеийн сэтгүүлч, орчуулагчид, тоймчдын уран бүтээлээс бүрдэх “Монголын шилдэг нийтлэл” цувралын XV, XXII боть, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин”, “Мэдээний машин”, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяагийн “Мөр үзэж болдоггүй газар” тэргүүтэй ном, монгол, англи хэлээрх каталоги, хятад, япон бичил толь, орчуулгын бүтээлийг дэлгэлээ.

“Монголын шилдэг нийтлэл” цувралын XV боть болох “Түүх мөнхлөгчид” ном гэхэд номын баярын өмнөхөн хэвлэлтээс гарсан шинэхэн бүтээл юм. Тус бүтээлд агентлаг, Улсын гэрэл зургийн газарт ажиллаж байсан үе үеийн 40 гаруй гэрэл зурагчны бүтээлийг дээжлэн багтаасан ба энэ онд тохиож буй агентлагийн 105 жилийн ойд зориулан эмхэтгэсэн бүтээл юм.

Таван жилийн өмнө тохиосон тус агентлагийн 100 жилийн ойгоор “Монголын шилдэг нийтлэл” цувралын XXII ботийг үе үеийн 150 гаруй сэтгүүлч, орчуулагч, тоймчийн бүтээлийг дээжлэн хэвлүүлж байв. Үүний араас ийнхүү гэрэл зурагчдынхаа бүтээлийг эмхэтгэн, ном бүтээл болгон гаргасан нь энэ юм.

“Супер нэгдлийн онол”-ыг дэвшүүлсэн сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин” номын анхны хэвлэл өдгөөгөөс 30 жилийн өмнө хэвлэгдсэн, одоо олдохуйяа ховор болсон бүтээлд тооцогддог. Уг бүтээл нь Монголын түүх, соёл, сэтгэлгээ хийгээд танин мэдэхүй, онол, таамгийн онцгой бүтээл бөгөөд энэ удаа шинэхэн хэвлэлтээрээ уншигчдын гар дээр очиж байна.

Тус агентлагийн асарт зочилсноор монгол орны түүхэнд мөнхөрсөн ховор нандин үйл явдлын гэрэл зургуудыг сорчлон үзэж болохоос гадна монгол бичгийн бүтээлийн үзүүлэн, уран бичээчдийн ур чадварыг сонирхох боломжтой.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 39 дэх удаагийн “Номын баяр”-т оролцож байна

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 39 дэх удаагийн “Номын баяр”-т оролцож байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн