Уран бүтээлч Ц.Солонгын “Thread” нэртэй бие даасан үзэсгэлэн “Монгол Арт” галерейд үзэгчдийн хүртээл болж байна.
Уг үзэсгэлэнд зээuгт наамлын арга ажиллагаагаар бүтээсэн 20 орчим абстракт бүтээл дэлгэжээ. “Thread” үзэсгэлэн нь оёдол, утасны хэлхээсээр дамжуулан цаг хугацаа, дурсамж болон хувьсан өөрчлөгдөх хүний мөс чанарын тухай өгүүлсэн бүтээлүүдээрээ онцлог юм. Уран бүтээлчийн бүтээлүүд дотоод мэдрэмж, хувийн сайхан дурсамжаа хадгалан үлдээх гэсэн энгийн атлаа нандин хүсэл тэмүүллээс эхлэлтэй аж.
Тэрбээр өдөр тутмын амьдралын мартагдаж болох агшин, мэдрэмжүүдийг урлагаар дамжуулан мөнхлөхийг зорьдог ба анх зөвхөн өөртөө зориулсан мэт санагдаж байсан энэхүү үйл явц нь цаг хугацааны эрхээр дотоод ертөнцөө танин мэдэх аялал болон өргөжсөн байна.
Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн онцлог нь давтагдах хөдөлгөөн, удаан хугацааны хөдөлмөрөөр бий болдог бясалгалын шинжтэй үйл явц юм. Гар, сэтгэл, дурсамж гурав нэгэн хэмнэлд нэгдэж, өнгөрсөн ба одоогийн зааг бүдгэрэх тэр мөчүүд бүтээл бүрийн үндэс болсон гэж уран бүтээлч үзэж байна.
Ц.Солонго бүтээлүүдээрээ аливаа зүйл заавал тодорхой тайлбар, утга агуулгатай байх албагүй, харин мэдрэмж өөрөө үнэ цэнтэй байж болохыг илэрхийлэхийг зорьжээ. Түүний бүтээлүүд нь зөвхөн дүрслэл бус, харин хүний сэтгэлд үлдэх дулаан мэдрэмж, тайван орон зай, мартагдахыг хүсээгүй дурсамжуудын эмзэг бөгөөд нандин хэлбэр болон үзэгчдэд хүрч байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Монгол Арт” галерейд гарна.



