Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 30 //.  Япон Улсын Засгийн газрын 2026 оны “Өвсний үндэс буцалтгүй тусламж”*-аар хэрэгжүүлэх “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн байрыг засварлах төсөл”-д 143,932 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд 640 хүүхдийн хичээлийн байрны гадна фасадын дулаалгын ажлыг хийх юм. Үүний үр дүнд тус сургуулийн сурагчид дулаан, тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдэж, улмаар орон нутгийн боловсролын байгууллагын сургалтын орчин нөхцөл сайжруулахад хувь нэмэр оруулах аж.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн 632 дахь, Завхан аймагт хэрэгжүүлэх 25 дахь төсөл болж байгаа юм.

Япон Улсын буцалтгүй тусламжаар Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийг заснаЯпон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, “Энэхүү буцалтгүй тусламж нь зөвхөн нэг сургуулийн барилгыг засварлах төдий бус, орон нутгийн боловсролын хөгжилд урт хугацааны эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн барилгад засвар, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэхээр болсондоо бид баяртай байна. Тосонцэнгэл сум нь Монгол Улсын хамгийн хүйтэн бүс нутгийн нэг бөгөөд эрс тэс уур амьсгалтай газар оршдог. Ийм хүнд цаг уурын нөхцөлд сурагчид суралцаж, багш, ажилтнууд ажиллаж байна. Тус сургуулийн барилгын дулаан алдагдал их, өвлийн улиралд анги танхимын температур зарим үед тэгээс доош хэмд хүрдэг тул сурагчид, багш нар гадуур хувцастайгаа хичээллэхээс өөр аргагүй нөхцөл үүсдэг талаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу бид нөхцөл байдалтай танилцаж, судалгаа хийсний үндсэн дээр энэхүү төсөл нь яаралтай дэмжлэг шаардлагатай гэж үзэн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сургуулийн дулааны нөхцөл сайжирч, хүүхэд бүр аюулгүй, тав тухтай орчинд суралцах, багш, ажилтнууд хэвийн орчинд ажиллах боломж бүрдэнэ гэж бид найдаж байна” гэв.

Япон Улсын буцалтгүй тусламжаар Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийг заснаЗавхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хэлэхдээ, “Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь Монгол Улсын ууган сургуулиудын нэг бөгөөд сургалтын чанар, үр дүнгээрээ улсдаа тэргүүлэгч сургуулиудын тоонд багтдаг. Алсалсан хөдөө орон нутаг, тэр дундаа малчин өрхийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхэд тус сургууль онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Уг сургуулийг засварлан шинэчлэх төслийг дэмжиж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Япон Улсын Засгийн газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төслийг хэрэгжүүлж буй хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид бид энэхүү сургуулийг олон улсын Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль болгон хөгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ нь хөдөө орон нутгийн, ялангуяа малчин өрхийн хүүхдүүдэд дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол эзэмших боломжийг өргөжүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

“Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог ба санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд  голлох үүргийг гүйцэтгэдэг байна.

Япон Улсын буцалтгүй тусламжаар Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийг засна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн