Монгол, Япон Улсын хооронд шууд нислэгийг нэмж, Японы Нагоя хотоос жуулчид ирүүлэхэд хамтран ажиллахаар төлөвлөн, албан бичиг хүргүүлээд байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэмдэглэлээ.
Тэрбээр Японы Хирошима мужийн удирдлагуудтай уулзахдаа энэ талаар хөндөж, хоёр улсын зам, тээврийн салбарыг өргөжүүлэх тухай санал солилцон, хамтран ажиллах хүсэлтэйгээ тодотгосон байна. Мөн Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн харилцаа өргөжин бэхжиж, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлоод, Японы Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн нийтийн тээвэр, авто зам, гүүр, төмөр зам, нисэх буудлын томоохон төсөл, хөтөлбөр манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэжээ.
Хирошима мужийн ИТХ-ын дарга Такаши Накамото Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцолж, хоёр орны зам, тээвэр, логистик, нисэхийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын бодлого, “Монголд зочлох жил” санаачилгын талаар санал солилцлоо. Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Японы Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг танилцуулав. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Улаанбаатар хотыг холбосон MRT буюу хурдан галт тэрэгний төсөл хэрэгжүүлэх боломж, техник, эдийн засгийн судалгааны явц, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах судалгааг эхлүүлээд байгааг дурджээ.
Уулзалтын төгсгөлд Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн хүрээнд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
”Монголд зочлох жил”-ийн хүрээнд Японы Нагано мужийн Мацумото хотоос Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд энэ сарын 18-нд олон улсын анхны шууд нислэг хийж, Японы 80 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн юм.
