Японы эзэн хааны гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулжээ

ТОКИО, 2026 оны зургаадугаар сарын 11 /Kyodo/. Японы парламентын хоёр танхимд суудалтай улс төрийн 13 нам, бүлгийн төлөөлөгчид лхагва гарагт уулзаж, Эзэн хааны гэр бүлийн тогтолцоог тогтвортой хадгалахад чиглэсэн хуулийг шинэчлэн найруулах саналын төслийг боловсруулжээ. Ингэснээр одоогийн парламентын чуулган өндөрлөх долоодугаар сарын 17-ноос өмнө уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах боломж бүрдэж байна.

Энэхүү саналд эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд жирийн иргэнтэй гэрлэсний дараа хааны гэр бүлийн гишүүний статусаа хадгалж үлдэх, мөн эзэн хааны удмын хуучин 11 салбар гэр бүлээс эрэгтэй удмын хүмүүсийг эзэн хааны гэр бүлийн гишүүн болохыг зөвшөөрөх гэсэн хоёр гол өөрчлөлтийг тусгажээ.

1947 онд батлагдсан одоо хэрэгжиж буй “Эзэн хааны ордны тухай хууль”-д зааснаар, зөвхөн эцгийн талаасаа эзэн хааны удмын эрэгтэй хүн хаан ширээнд суух эрхтэй. Харин эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд энгийн иргэнтэй гэрлэсэн тохиолдолд эзэн хааны гэр бүлийн гишүүний статусаа алддаг байна. Үүний улмаас хаан ширээг залгамжлагчид төдийгүй эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрч байгаа аж.

Өдгөө 66 настай Эзэн хаан Нарүхитогийн хаан ширээг залгамжлах эрхтэй гуравхан хүн байгаа нь түүний дүү 60 настай угсаа залгамжлах хунтайж Фүмихито, Фүмихитогийн хүү 19 настай хунтайж Хисахито, Эзэн хааны авга ах 90 настай хунтайж Хитачи нар юм.

Эрх баригч болон сөрөг хүчний гол намуудын дийлэнх олонхын дэмжлэгийг авсан “хууль тогтоох байгууллагын зөвшилцөл” хэмээх уг саналд үндэслэн Японы Засгийн газар хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхлэх төлөвтэй байна.

“Kyodo News” агентлагаас өнгөрсөн сард явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, оролцогчдын 83.0 хувь нь эмэгтэй эзэн хаантай болохыг дэмжжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн