ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 12 /NHK/. Японы парламентын доод танхим Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа. Уг хууль нь эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрөхөөс сэргийлэх, хангалттай олон гишүүнтэй байлгахад чиглэж байгаа юм.
Хуулийн төслийг парламентын одоогийн чуулган өндөрлөхөөс өмнө дээд танхимаар эцэслэн баталж, хүчин төгөлдөр болгох төлөвтэй байна.
Нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд жирийн иргэнтэй гэрлэснийи дараа хааны гэр бүлийн гишүүн статусаа хадгалж үлдэх боломжтой болно. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар тэд хааны удмын бус хүнтэй гэрлэсэн тохиолдолд эзэн хааны гэр бүлээс хасагддаг.
Түүнчлэн уг хуулийн төсөлд эзэн хааны гэр бүлийн хуучин салбар угсааны эрэгтэй удмын хүмүүсийг эзэн хааны гэр бүлийн гишүүн болохыг зөвшөөрөхөөр тусгажээ. Энэ гишүүд өөрсдөө хаан ширээ залгамжлах эрхгүй байх боловч тэдний эрэгтэй үр удамд уг эрх нээгдэх юм.
Энэхүү хуулийн төслийг эрх баригч Либерал-Ардчилсан нам болон тус намын эвслийн түнш Японы сэргэн мандалтын намын депутатууд, мөн сөрөг хүчний Төвч шинэчлэгч эвсэл, Ард түмний төлөөх ардчилсан нам болон Сансэй намуудын гишүүд дэмжиж санал өгчээ.
Харин Японы Коммунист нам болон “Рэйва Синсэнгүми” нам эсэргүүцсэн санал өгсөн байна. “Мирай баг” намын хувьд гишүүддээ өөрсдийн үзэмжээр санал өгөх боломж олгожээ. Түүнчлэн эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хаан ширээ залгамжлалыг тогтвортой хадгалах арга замуудыг судлахыг уриалсан нэмэлт тогтоолыг доод танхимын байнгын хороодын нэгд баталсан байна.
Одоогийн байдлаар Японы эзэн хааны гэр бүл Эзэн хаан Нарухито болон бусад 15 гишүүнээс бүрдэж байна. Эзэн хааны гэр бүлийн тухай хуулиар хаан ширээг зөвхөн эцгийн шугамын эрэгтэй үр удам залгамжлах эрхтэй.
Одоогоор хаан ширээг залгамжлах боломжтой ердөө гуравхан гишүүн байгаа бөгөөд тэдний зөвхөн нэг нь буюу ханхүү Хишахито л залуу үеийн төлөөлөл юм. Иймээс цаашид хаан ширээний залгамжлал тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.