ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны асуудлаарх ажлын хэсгийн хурал болов

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшингээр ахлуулсан “Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр ажиллахад холбогдох байгууллагыг зөвлөмжөөр хангаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг”-ийн анхны хурал өнөөдөр боллоо.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хурлыг нээж үг хэлэхдээ Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдсон нь олон улсын тавцанд манай улсын нэр хүндийг өргөхийн зэрэгцээ дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын ажиллагаанд манай улсын оролцоо, хувь нэмрийг улам бэхжүүлж буйг тэмдэглэв.

Мөн Монгол Улс нээлттэй, бие даасан, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд тулгуурласан, хариуцлагатай зарчмыг баримталж ажиллах шаардлагатайг онцлов.

Ажлын хэсгийн хурлаар Монгол Улсаас Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн номинаци, БНСУ-ын Пусан хотноо 7 дугаар сарын 19-29-нд болох Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы бэлтгэл ажил болон холбогдох бусад асуудлыг хэлэлцсэнийг ГХЯ мэдээлэв.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад үндэсний 6 өвийг бүртгүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн