Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй

Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

2026 онд баталсан 2.7 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар эмийн нэгжийн үнийг бууруулж, 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон. Улмаар хэмнэсэн хөрөнгийг дахин үр ашигтай зарцуулж, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай гурван нэр төрлийн эмийг нэмж захиалжээ. Ингэснээр нийт таван нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг хүлээн авч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, “Төсвийн хэмнэлт гэдэг зөвхөн мөнгө хэмнэсэн үзүүлэлт биш. Харин хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэж чадсан бодит үр дүн байх ёстой. Энэ удаагийн худалдан авалт үүнийг бодитоор харууллаа. Иргэн бүрд шаардлагатай эмчилгээ нь хүртээмжтэй, эмийн хангамж нь тасралтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ”  хэмээн онцлов.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, “Энэхүү эмийг хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Цус бүлэгнэлтийн нөхөх эмчилгээг цаг алдалгүй авах нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй. Тус өвчин нь цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй, урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг байна. Рекомбинант VIII, IX факторууд нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалттай зах зээлд нийлүүлдэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн юм. Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний хэрэгцээг тогтвортой хангах боломжийг нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахын зэрэгцээ эрэлт хэрэгцээнд суурилсан төлөвлөлт, чанарын баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн