СИДНЕЙ, 2026 оны зургаадугаар сарын 16 /Reuters/. Номхон далайн халуун орны бүсэд цаг уурын “Эль-Ниньо” үзэгдэл бүрэлдэн тогтсон бөгөөд 2026 оны хоёрдугаар хагаст улам эрчимжиж, сүүлийн 70 орчим жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй үзэгдлүүдийн нэг болох төлөвтэй байгааг Австралийн Цаг уурын товчоо мягмар гарагт анхаарууллаа.
Цаг уурчдын таамаглаж байгаагаар, уг үзэгдлийн нөлөөгөөр Америкийн тивийн бүс нутгуудад асар их хэмжээний хур тунадас, үер усны аюул дагуулах төлөвтэй байна. Харин Ази тивд эсрэгээрээ хэт халуун, хуурай цаг агаар тогтож, улмаар газар тариалангийн ажлыг хэдийн саатуулж эхэлжээ. Үүний улмаас дэлхийн хамгийн их хүн амтай тус бүс нутгийн хүнсний хангамж, нийлүүлэлтэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй хэмээн түгшиж байна.
Тус бүс нутгийн далайн гадаргуугийн температур “Эль-Ниньо”-гийн босго үзүүлэлтээс давж, агаар мандлын бусад үзүүлэлтүүд ч мөн уг байгалийн үзэгдэл бүрэлдэх нөхцөлтэй нийцэж байгааг Цаг уурын товчооны мэдэгдэлд дурдсан байна.
Мөн уг мэдэгдэлд “Номхон далайн төв хэсгийн халуун орны бүс дэх дулаарлын далайцаас үзэхэд “Эль-Ниньо” маш хүчтэй болох магадлалтайг урьдчилсан таамаг харуулж байна” гэжээ. Түүнчлэн “ашиглаж буй цаг уурын загварчлалуудын тал орчим хувь нь энэхүү байгалийн үзэгдлийн идэвхжил 1950 оноос хойш бүртгэгдсэн хамгийн дээд түвшинд хүрч магадгүйг зааж байгаа ажээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь энэ жилийн “Эль-Ниньо”-гийн үзүүлэх нөлөөллийг улам бүр ширүүн, хүчтэй болгоно гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу 2023-2024 онд тохиосон “Эль-Ниньо” үзэгдлийн улмаас Австралийн түүхэнд хамгийн хуурай, хур тунадасгүй гурван сар бүртгэгдэж байжээ.